"Токио-2020"-д оролцох гадаадын төлөөлөгчдийн тоог хоёр дахин багасгана

Өнгөрсөн жил зохион байгуулагдах байсан ч коронавирусийн цар тахлын улмаас нэг жил хойшлогдож, 2021 оны зун товлогдсон Олимп, Паралимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд Япон улс төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.
Өмнө нь халдварын дэгдэлтийг нэмэгдүүлэхгүйн үүднээс уралдаан, тэмцээнүүдийг үзэгчгүй явуулах шийдвэр гаргаж байсан бол энэ удаад Токиогийн Олимп болон Паралимпийн наадамд оролцох гадаадын төлөөлөгчдийн нийт тоог анх төлөвлөж байснаас хоёр дахин багасгаж, тамирчдыг тооцохгүйгээр 78 мянга хүртэл багасгахаар Японы эрх баригчид төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Kyodo агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.
Олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гарахаас өмнө Токиог 180 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй гадаадын төлөөлөгчид зорин ирнэ гэж тооцоолж байсан юм.
Түүнчлэн, коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас гадаадын төрийн тэргүүнүүд, сайд нарыг Олимпын үеэр өөрийн орны тамирчидтай уулзахыг Японы эрх баригчид хориглох саналтай байгаа гэнэ. Мөн тухайн орноос төрийн тэргүүн нь ирж байгаа бол төлөөлөгчдийн тоог 12, сайд ирж байгаа бол таван хүний бүрэлдэхүүнтэй байхаар тоог хязгаарлах саналыг наадмын зохион байгуулагчид гаргажээ.
Гадаадын төлөөлөгчдийг Японд маш богино хугацаанд байх, нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, Токио хотоос гарахгүй байхыг зөвлөх юм байна. Эдгээр шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн, коронавирусийн PCR шинжилгээний хариу нь сөрөг бол гадаадын төлөөлөгчдийг Японд ирэхэд нь хоёр долоо хоног тусгаарлахгүй гэнэ.
Энд дуулгахад, Японы иргэд Токио хотноо олимп зохион байгуулахыг төдийлөн сайшаахгүй, наадмыг цуцлах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Тавдугаар сарын 15-16-ны хооронд явуулсан олон нийтийн судалгаагаар оролцогчдын 43 хувь нь олимпыг цуцлах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин 40 хувь нь дахин хойшлуулах саналтай бол ердөө 14 хувь нь энэ зун Олимп болон Паралимпийн наадмыг зохион байгуулах нь зүйтэй гэж хариулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ