АНУ Пфайзер вакциныг энгийн хөргөгчинд хадгалахыг зөвшөөрчээ

Пфайзер вакциныг гэсгээсний дараагаас тарилга хийхийн өмнө найруулах хүртэл нэг сар хүртэлх хугацаагаар энгийн хөргөгчинд хадгалж болохыг АНУ-ын эрх баригчид зөвшөөрчээ. Энэ талаар Америкийн Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар мэдэгдсэн байна.
"Пфайзер-Бионтеч компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн хөлдөөсөн вакцинтай капсулуудыг нэг сар хүртэлх хугацаагаар цельсийн 2-8 хэмд энгийн хөргөгчинд хадгалахыг Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар зөвшөөрч байна" хэмээн мэдээлэлд өгүүлжээ.
Ийнхүү хадгалах журмыг хялбаршуулснаар алслагдсан бүс нутгууд, хотын захад амьдардаг хүмүүст вакцин хүртээмжтэй болно гэж агентлаг мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, тавдугаар сарын 17-ны байдлаар АНУ-ын насанд хүрсэн хүн амын 60 гаруй хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэж байлаа. Түүнчлэн цар тахал эхэлснээс хойш анх удаа бүхий л 50 мужид өдөрт бүртгэгдэх коронавирусийн халдварын тохиолдол буурсан гэж Байден онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ