Хөл хорионы үеэр дарвуулт онгоцны борлуулалт эрс өсөж байна

Boat International сэтгүүлийн мэдээлснээр, 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар чинээлэг иргэд үнэтэй тансаг дарвуулт онгоцонд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ. Энэ нь коронавирусийн цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн аяллын хязгаарлалтад өртөлгүй зугаацах хүсэлтэй нь холбоотой гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ онд хоёрдогч зах зээл дээр дарвуулт завины борлуулалтын эзлэхүүн дээд хэмжээ тогтооно гэж Boat International сэтгүүл таамагласан байна. Харин АНУ-ын Дарвуулт онгоц үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны мэдэгдсэнээр 2020 он сүүлийн 13 жилийн доторх хамгийн их борлуулалттай жил байсан гэнэ.
"Шинэ болон хуучин дарвуулт онгоцны зах зээл эрэлттэй байгаа. Борлуулалтын эзлэхүүн дээд хэмжээ тогтоосон хэвээр байгаагийн дээр энэ чиг хандлага тогтвортой байна" гэж Америкийн судалгааны компанийн дарвуулт завины хэлтсийн тэргүүн Сэм Такер өгүүлжээ.
Зах зээл дээр хуучин жижиг дарвуулт онгоцны өртөг таван сая евро хүртэлх үнэтэй байгаа гэнэ. Ийм онгоцны эзэн жилд ашиглалтын зардалд 200 мянга орчим евро төлдөг бөгөөд үүнд экипажийн цалин, түлш, зогсоолын өртөг багтдаг байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ жил коронавирусийн цар тахлын үеэр авч хэрэгжүүлсэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнээс зайлсхийх хүсэлтэй "чинээлэг хүмүүсийн ачаар" дарвуулт онгоцны эрэлт тогтвортой байгаа гэнэ. Хязгаарлалтуудын улмаас чинээлэг хүмүүс Газрын дундад тэнгис рүү нисэх онгоцоор хүрэх нь хүндрэлтэй байгаа тул тэнгисийн аяллыг ихээхэн сонирхох болсон аж. Сэтгүүлийн ерөнхий редакторын өгүүлснээр, тансаг дарвуулт онгоцнуудын талаас илүү хувь нь АНУ-д зарагдаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ