ЭЕШ өгөх шалгуулагчид PCR болон вакцинд хамрагдсан байх шаардлагагүй

Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭЕШ өгөх шалгуулагчдаас Монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл ЭЕШ өгөх шалгуулагчид заавал вакцинд хамрагдсан байх шаардлагатай эсэх асуудал иргэдийн дунд маргаан үүсгээд байна. Энэ асуудлын талаар БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
-Вакциныг иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой. Тэгвэл ЭЕШ өгөх шалгуулагчид заавал вакцинд хамрагдсан байх шаардлагатай юу?
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 40 420 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 15-17 насны 1702, 18-58 насны 38718 шалгуулагч байна. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид "заавал коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой" гэдэг шаардлага тавьж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ бол ташаа мэдээлэл.
БШУЯ болон Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ өгөх шалгуулагчдыг заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавиагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Шалгуулагчид PCR шинжилгээ өгсөн байх ч шаардлагагүй. Мөн танхимын давтлага энэ сарын 17-ноос эхэлсэн. Танхимын давтлагад дархлаажуулалтад хамрагдсан сурагчдыг хамруулна гэсэн мэдээлэл ч байна. ЭЕШ өгөх ямар ч сурагчид танхимын давтлагад хамрагдаж болно.
Түүнчлэн ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагч коронавирусийн халдвараар өвчилсөн байсан ч шалгалтаа өгөх боломжтой. Тодруулбал, БҮТ-өөс шалгалтын цэгүүд дээр тусгай ангийг бэлтгэсэн. Халдвараар өвчилсөн шалгуулагчид тусгайлан бэлтгэсэн ангид шалгалтаа өгөх боломжтой.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ