Байден Нетаньяхуд сөргөлдөөнийг зогсоосонд нь талархал илэрхийлэв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайдтай утсаар ярин, израиль, палестинчуудын хоорондын байлдааны ажиллагааг зогсоох талаар хэлэлцсэн гэж CNBС мэдээлжээ. 

 

Утсаар ярих үеэрээ Байден гал зогсоох зөвшилцлийг талархан хүлээн авч байгаагаа онцлоод 11 өдөр үргэлжилсэн байлдааны ажиллагааг зогсоох шийдвэр гаргасных нь төлөө Нетаньяхуд талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн Израилийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд тус улсын агаараас эсэргүүцэн хамгаалах системийг сэргээн засахад нь тусална гэж амлажээ.

 

Мөн Газын зурвасын оршин суугчдад хүмүнүүлэгийн тусламж үзүүлэх, тус бүс нутгийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэхийн тулд АНУ НҮБ болон олон улсын бусад талуудтай хамтран ажиллана гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

 

Тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн харилцан пуужин харваж, агаарын цохилт өгч байсан Израиль, ХАМАС өнгөрсөн шөнө гал зогсоосон юм. Хоёр тал тавдугаар сарын 20-ны үдэш харилцан гал зогсоох зөвшилцөлд хүрч, улмаар баасан гарагт шилжих шөнө гал зогсоосон бөгөөд одоогоор энэ зөвшилцөл мөрдөгдөж байгаа эсвэл зөрчигдсөн талаарх ямар нэг мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ