Балбын эрх баригчид олон улсад хандан вакцины тусламж хүслээ

Балбын эрх баригчид цар тахалтай тэмцэхэд нь зориулж вакцин болон бусад шаардлагатай эд зүйлсээр нэн яаралтай туслахыг хүсэн олон улсад ханджээ. DW агентлагийн мэдээлснээр Европын холбооны орнууд Балба руу уушгины хиймэл амьсгалын 77 аппарат, хүчилтөрөгчийн 50 баллон, 2,4 сая амны хаалт зэрэг тусламжийг хэдийнэ илгээсэн байна.
Балбад сүүлийн үед нөхцөл байдал хүндэрч байгаа бөгөөд тавдугаар сарын 20-ны өдөр тус улсад хоногт 246 хүн нас барсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Харин халдварын тохиолдол хоногт 8173 бүртгэгдсэнээр нийт тохиолдол 489 мянгад хүрчээ.
Балбад нөхцөл байдал хүнд байгаа тул эрх баригчид нь хөл хориог тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Хүмүүс эрүүл ахуйн наад захын шаардлагыг дагаж мөрдөхгүй байгаагийн улмаас халдвар эрчимтэй өсөж байна гэж Балбын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Цар тахал дэгдсэнээс хойш, 28 сая хүн амтай энэ улсад 489 мянган хүн коронавирусийн халдвар авсан бол 360 мянга нь эдгэрч, 5657 өвчтөн нас барсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ