Италид дүүжин тээврийн хэрэгсэл осолдож, 14 хүн амиа алджээ

img

Италийн хойд хэсэгт дүүжин зам дээр осол болсны улмаас олон хүн нас барсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Мажоре нуурын ойролцоох дүүжин тээврийн зам дээр зорчигчид тээвэрлэж байсан бүхээг тросноос мултарч унасны улмаас 14 хүн амиа алдсан байна. Дүүжин тээврийн хэрэгсэл амралтын газрын бүс болох Стреза хотоос Пьемонта дах Мотарроне уул руу хүмүүсийг тээвэрлэж яваад, ой модтой уулын энгэрээр өгсөх үедээ осолджээ. 

 

Уулын аврах албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, ослын улмаас гэмтсэн тав болон есөн настай хүүхдүүдийг нисдэг тэргээр Турины эмнэлэг рүү тээвэрлэн хүргэсэн байна. Харамсалтай нь есөн настай хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ дийлэлгүй нас баржээ. Харин таван настай хүүхэд олон гэмтэлтэй ч ухаан орсон, эмч нар түүнд мэс засал хийсэн байна. Ослын газар ажиллаж буй аврагчид амиа алдсан хүмүүсийн тоо өсөж болзошгүй хэмээн сэрэмжлүүлжээ. 

 

Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй, гэрчүүдийн өгүүлснээр, дүүжин тээврийн бүхээг бэхлэгдсэн төмөр трос уулын оргил хүрэхээс 300 метр орчмын зайл тасарсан байна. Ийм бүхээг 40 зорчигчийн даацтай байдаг бөгөөд осол гарах үед бүхээгт хичнээн хүн зорчиж явсан нь ч тодорхойгүй байгаа гэнэ. Стреза хотыг Моттароне уултай холбодог дүүжин тээвэр нь зорчигчдыг далайн түвшнээс дээш 1491 метр өндөрт 20 минутын хугацаанд хүргэдэг аж. 

Ням гарагт үд дунд болсон энэ ослын дохиог аврах албаныхан хүлээн авмагцаа ослын газарт ирэхэд эвдэрсэн бүхээг олдсон бөгөөд бүхээг 20 метр өндрөөс унаж, уулын уруу өнхөрч байгаад модонд тээгэлдэн тогтсон байна.

 

Италийн Ерөнхий сайд Марио Драги энэ ослыг эмгэнэлт явдал хэмээн нэрлээд "Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Гэмтэж бэртсэн хүүхдүүд болон тэдгээрийн эцэг эхчүүдтэй би сэтгэл санаагаараа хамт байна" хэмээн албан мэдэгдэлдээ онцолжээ.

 

Осол гарсан дүүжин тээвэр анх 1970 онд ашиглалтад орсон, 2014-2016 оны хооронд засвар хийхээр түр хааж байжээ. Харин саяхан коронавирусийн халдвараас сэргийлэх хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг цуцалсны дараа энэ замыг дахин нээсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Манайхан энэ балай дүүжин тээврийг Монголд байгуулна гээд баахан мөнгө төсөвлөсөн байсан шүү!!!
2021-05-24