Цэргүүдийн илчилсэн Мьянмарын армийн дарангуйлал

img

 

Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн эргэлт гарч, цэргийн хунт засаглах болсон Мьянмарын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Ерөнхийлөгч, төрийн зөвлөх болон бусад өндөр албан тушаалтнуудыг баривчоан гэрийн хорионд оруулж, ардчиллыг устгаж буйг нь эсэргүүцэн тэмцсэн ард иргэдийнхээ өмнөөс гал нээн, олон хүний амийг хөнөөсөн, олон жилийн тэртээгээс л эрх мэдлийг гартаа байлгаж, байлгахыг хүсдэг байсан армийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Энэ талаар Мьянмарын армиас халагдсан гурван цэрэг Германы DW агентлагт ярьжээ. 

 

Хамт алба хааж байгаа цэргүүд нь зэвсэггүй хүмүүс, тэр бүү хэл хүүхдүүд рүү буудах үед залуухан цэрэг цаашид армид алба хааж чадахгүй гэдгээ ухаарсан гэнэ. Армиас гарвал ар гэрийнхэнтэйгээ салах ёс ч хийж чадахгүй үүрд холдоно, тэдэнтэйгээ уулзвал тэднийг аюулд учруулна гэдгээ тэр ойлгож байсан аж. Ингээд дэслэгч залуу тариалангийн талбайгаар дамжин зугатжээ. Эхлээд мотоциклоор, дараа нь явган зугатсан бөгөөд ийн явах үед нэгэн тосгоны оршин суугчид түүнийг хил гарахад нь тусалсан байна. 

 

Тэрбээр сүүлийн үед DW агентлагийнхан байнгын харилцаа холбоотой байгаа гурван халагдсан цэргийн нэг гэнэ. Залуухан дэслэгч Энэтхэгт нуугдаж байгаа бол нөгөө хоёр нь өндөр албан тушаалын офицер, тэд Мьянмарт хоргодох газар нуугдаж байгаа аж.

 

Цэргүүдийн олон нийтийн сүлжээн дэх мэдээлэл бүрийг арми шалгадаг

 

DW агентлаг цэргүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэрийг нь нууцалсан байна. Цэрэгт алба хааж байсан гурван эрийн өгүүлснээр, армийн анги нэгтгэлүүд дэх амьдрал хатуу хяналтан дор, гадаад ертөнцөөс бараг бүрэн тусгаарлагдсан нөхцөлд өрнөдөг гэнэ. Цэргүүдийн эхнэрүүд офицеруудын гэр бүлд цэвэрлэгчээр ямар ч цалингүй ажилладаг гэнэ.

 

Цэргүүдийн ярьснаар, удирдлага нь цэргүүд болон тэдний гэр бүлийнхэн ямар хувцас өмсөх, юу ярих, юу шүтэх түүнчлэн гэрээ хэрхэн тохижуулахыг ч зааварладаг гэнэ. "Гэр орныг хэзээ ч шалгаж магадгүй. Бүх зүйл хяналтан дор байдаг. Тэд хүмүүсийг өөрийн бодолгүй робот болгон хувиргахыг хүсдэг" хэмээн цэргүүд DW агентлагт ярьжээ.

 

Фейсбүүкэд хяналт тавих армийн тусгай хэлтэс байх бөгөөд энэ хэлтэс цэргүүд болон тэдгээрийн ар гэрийнхний үйлдэл, лайк дарсан бүхий л пост, өөрийнх нь болон шейрлэсэн бүхий л нийтлэлийг бүгдийг нь хянадаг байсан гэж дээрх гурван цэрэг ярьжээ. Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл бүхий мэдээлэл оруулсан бол шоронд хоригдох, эсвэл албанаасаа халагдах шийтгэл хүлээдэг гэнэ.

 

Нэг цэргийн өгүүлснээр, тэрбээр хэдэн жилийн өмнө сургалтад хамрагдсан бөгөөд энэ үеэр Орос болон Хятад технологи ашиглан хэрхэн камерын ажиглалтын системд нэвтрэх, утасны яриаг чагнах талаар офицеруудад сургаж байжээ. 

 

Исламын эсрэг суртал ухуулга 

 

Германы хэвлэлд ярилцлага өгсөн гурван цэргийн өгүүлснээр Мьянмарын буддын үндэстний хамгаалагч нь арми гэсэн суртал ухуулга байнга хийдэг байсан гэнэ. Армийн дайснууд нь алан хядагч мусульманчууд, түүнчлэн Аун Сан Су Жи болон түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг гэж ухуулдаг байжээ. 

 

Мьянмарт 135 угсаатны бүлэг амьдардагийн 90 орчим хувь нь буддын шашин шүтдэг, улс төр болон шашин нягт холбоотой байдаг аж. Генералууд нь олон жилийн туршид сүм хийд барьж, Буддын хөшөө босгож байсан бөгөөд энэ нь эрх мэдлийн төлөөх тэмүүллээ шашнаар "хуульчлах" гэсэн оролдлого юм байна.

 

Мөн армийн командлалын ертөнцийг үзэх үзлээр л төлөвшихийг шаардан, "тархи угаадаг" гэнэ. Энэ оны хоёрдугаар сарын нэгний өдөр болсон төрийн эргэлтээс өмнө генералуудын зөв гэдэгт хэн ч эргэлздэггүй байсан гэж нэг цэрэг нь ярьжээ.

 

Мьянмарын арми буюу улс доторх улс

 

 

Мьянмарын арми болон түүнтэй холбоотой бүтцийг "Татмадау" гэх бөгөөд эндэхийн зэвсэгт хүчин дэлхийд 11 дүгээрт бичигддэг. Лондонгийн Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн мээдэлснээр, 2019 онд Мьянмарын армид 400 мянган цэрэг алба хааж байжээ.

 

Мэргэжлийн арми нь төрийн эргэлтийн дараа эрх мэдэлд хүрсэн улс доторх улс гэнэ. Цэргийнхэн хэзээ ч хяналтаа алдаж байгаагүй бөгөөд энэ нь тус улсын түүхтэй холбоотой юм. Их Британиас 1948 онд тусгаар тогтносны дараа 1962 онд цэргийн хунт анх Мьянмарын төрийн эрхийг гартаа авч байжээ. Энэ нь он удаан жил хатуу хяналт, олон улсаас тусгаарлагдах нөхцөл байдлыг бий болгосон байна.

 

Цэргүүд армийнхаа өмнө санхүүгийн өртэй 

 

Хунтын эрх мэдэлд хүрэх түлхүүр нь цэргүүдийн тууштай үнэнч байдал гэнэ. Бүхий л шатны цэргийн алба хаагчид хоёр хөтөлбөрөөр армийнхаа өмнө санхүүгийн үүрэг хүлээдэг аж. Нэг хөтөлбөрийнх нь дагуу, даатгалын компанитай цэргүүд амь насны даатгалын гэрээ байгуулах ёстой гэнэ. Даатгалын гэрээ таван жил тутамд автоматаар сунгагдана, цэргүүд үүнээс татгалзах ямар ч боломжгүй. НҮБ-ын мэдээлснээр, энэ компани нь цэргийнхний мэдэлд байдаг компанийн охин компани аж.

 

Өөр нэг хөтөлбөрийн дагуу, цэргүүд хоёр компанийн хувьцаанд хөрөнгө оруулах ёстой. Үүний хариуд жилд нэг удаа багахан ноогдол ашиг авдаг гэнэ. Энэ хоёр хөтөлбөрийн ачаар арми ихээхэн орлого олдогийн дээр генералууд ч хувь хүртдэг гэнэ. Өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид тэтгэвэрт гарсныхаа дараа хоёр компани, эсвэл тэдгээрийн охин компани, салбаруудад албан тушаалд томилогддог гэнэ.

 

Хэн ч армийг орхих эрхгүй

 

DW агентлагт ярилцлага өгсөн нэг цэргийн өгүүлснээр, цэргийн алба хаагч "армийг орхиж чадахгүй", улмаар бүх насаараа цэргийн тогтолцооны нэг хэсэг болдог гэнэ. Харин өөр нэг цэргийн өгүүлснээр, 10 жил алба хаагаад халагдах өргөдөл өгч болдог аж. "Гэхдээ энэ бол ердөө л цаасан дээрх журам. Яг бодит байдал дээр тийм ч амар биш, халагдах явц гурваас дөрвөн жилийн хугацаа шаарддаг" хэмээн Энэтхэгт нуугдаж байгаа цэрэг ярьжээ. Ингэж удаан хөөцөлдсөн ч арми цэргээ явуулахгүй байх эрхтэй.

 

Өөр нэг цэрэг, 300 "урвагч"-ийн нэрсийн жагсаалтыг арми гаргасан талаар командлалд байх итгэлтэй хүнээсээ олж мэдсэн аж. "Тэр хүмүүсийг ангуучилна" хэмээн цэрэг ярьжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ