"Сүргийн дархлаа" тогтсон Европын анхны улс нь Мальта болов

img

Сүргийн дархлаа тогтсон, Европын анхны улс нь Мальта болсон гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Крис Ферне мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Мальта улсын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, тус улсын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь коронавирусийн вакцины нэг тунг хийлгэсэн бол 42 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан аж. "Өнөөдөр бид сүргийн дархлаатай боллоо. Вакцин бол вирусийн эсрэг зэвсэг" хэмээн Ферне мэдэгджээ.

 

Фернегийн өгүүлснээр, өмнө нь есдүгээр сард сүргийн дархлаа тогтоно гэж тооцоолж байсан бол энэ нь  төлөвлөж байснаас гурван сарын өмнө болсон гэнэ. Вакцинжуулалт амжилттай болж байгаа тул Мальта улсын эрх баригчид коронавирусийн цар тахлаас үүдэлтэй авч хэрэгжүүлсэн хязгаарлалтуудаа суллахаар төлөвлөж байгаа аж.

 

Тухайлбал, долдугаар сараас эхлэн вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүс гадаа амны хаалтгүй зорчиж болох гэнэ. Гэхдээ дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчлэх юм байна. Түүнчлэн ойрын үед вакцинд хамрагдсан гэрчилгээ нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж.

 

Мальта улсын статистикийн газрын мэдээллээр, 2019 оны 12 дугаар сарын байдлаар тус улсад 514 564 үхн амьдарч байгаагийн 441 186 нь 16-аас дээш насныхан юм байна. Тус улсад 16-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж байгаа бөгөөд тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 30 504 бүртгэгдсэнээс 30 006 нь эдгэрч, 417 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайхан мэдээ байна. Өшөө олон улс орон дотооддоо коронавирусгүй болоосой.
2021-05-25