АНУ иргэдээ Япон руу зорчихгүй байхыг зөвлөв

img

Японд Олимпын наадам нээлтээ хийхэд хоёр сар үлдээд байгаа энэ үед АНУ-ын Гадаад хэргийн яам Япон руу зорчихгүй байхыг зөвлөжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Японд коронавирусийн халдвар ихээхэн тархсан тул энэ улс руу зорчихгүй байх талаар АНУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Япон руу зорчихтой холбоотой эрсдэлийн түвшин нь хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшинд байгааг АНУ-ын эрх баригчид анхааруулжээ. 

 

Вакцин тариулсан жуулчид ч Японд коронавирусийн халдвар авах эрсдэлтэй, ингэснээр вирусийн шинэ хувилбарууд тархахад нөлөөлнө гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдэлд онцолсон байна. 

 

Эргэн сануулахад, Токио-2020 Олимпын наадам коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдож, 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийхээр болсон юм. Коронавирусийн халдварын тархалт төдийлөн буурахгүй байгаа тул наадмыг зохион байгуулагчид олимпын бүхий л тэмцээн уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсний дээр гадаадын зочид төлөөлөгчдийн тоог ч багасгахаар төлөвлөж байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

овид:
Японууд Монголчуудын Коронагаас айж зугтаж байхад Америкууд Японы коронагаас айж зугтах жишээний.
2021-05-26
жижиг арал дээр 100 сая хүнтэй болохоор устгах гэдэг байх даа
2021-05-25