Өөрийн хүүхдээ ч зодохоо больсон цаг!

"МИАТ"-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтнаа бейсболын цохиураар зодож буй бичлэг ил болж, олны уур бухимдлыг төрүүлэв. Ажилтан нь хүлцэнгүйгээр цааш харан зогсч, дарга нь дээрэнгүйгээр зодож буй дүр төрх. Ийм үйлдэл олон удаа давтагдаж байсан мэт, болох ёстой зүйл болдгоороо болж байгаа шиг. Яг л мафитай солонгос киноны хэсэг шиг үйл явдал Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын II давхарт байрлах ажилчдын өрөөнд болжээ.
Ийм явдал болсон гэдгийг МИАТ ТӨХК хүлээн зөвшөөрч, мэдэгдэл гаргав. Тухайн мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл С.Батсүх ажилтнаа зодсон нь үнэн учраас хариуцлага тооцож, ажлаас нь халлаа. Үлдсэн асуудлыг хуулийн байгууллага шийднэ гэсэн мэдэгдлийг МИАТ ТӨХК-иас гаргалаа.
Жорж Оруэллийн “Амьтны ферм” туужид “Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтан бусдаас илүү тэгш эрхтэй” гэсэн үг бий. Үүнийг бид “бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү эрхтэй” хэмээн монголчилж, ярианы хэлэндээ хэрэглээд хэвшиж. Энэ үг С.Батсүх мэтийн дарга сэтэрнүүдэд илүү зохилтой. Том дуугарч, гар далайдаг бүдүүлэг үйлдлээ удирдах ухаан гэж ойлгосон, хэлтсийн даргын суудлаа хэмжээгүй эрх гэж эндүүрсэн энэ мэт "гахай"-нууд олон олон хүний эрхийг уландаа гишгэлж байгаа.
Монголчууд бид тэгш эрхтэй ардчилсан нийгэмд амьдардаг. Ямар ч “гахай”-д илүү эрх олгоогүй гэсэн үг. Төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэн хүртлээ нэг эрхтэйгээр хуульчлагдсан. Хэлтсийн дарга нэртэнд хүн зодох илүү эрхийг хэн ч өгөөгүй.
Өнөө цагт айлын аав ээжүүд ч хүүхдээ зодохоо больсон. Хүүхэд ч эрхтэй гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрсөн учраас хүндэтгэдэг. Гэтэл дарга нь ажилтнаа зоддог үйлдэл санаанд багтахгүй нь. Архидан согтуурч, ааг омгоо гаргадаг хүмүүсийг бол харж байсан. Харин эрүүл саруул ухаантайгаар мафийн толгойлогч мэт аашилж байгааг бол ойлгож чадахгүй нь. Яасан хүнийг ингэж дээрэнгүйгээр доромжилж, бие сэтгэлд нь гэмтэл учруулдаг юм бэ. Ажилтан асар том алдаа гаргасан байлаа ч түүнийг зодох эрх С.Батсүхэд огтхон ч байхгүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ