Европ Япон руу 100 сая тун илгээж, АНУ 10 саяын хонжвортой сугалаа эхлүүлэв
2021-05-28

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын аргаар коронавирусийн цар тахалтай тэмцсээр байна. Worldometer порталын мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар  коронавирусийн халдварын тохиолдол 169 саяыг давж, 3,5 сая хүн нас барсан бол 151 сая хүн эдгэрчээ. Цар тахалтай тэмцэх дэлхийн орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотой үйл явдлын мэдээллийг баасан гарагийн байдлаар тоймлон хүргэж байна. 

 

Европ өсвөр насныхныг дархлаажуулна  

Пфайзер вакциныг 12-15 насны өсвөр насныханд ашиглаж болох эсэх талаарх шийдвэрээ Европын эм бэлдмэлийн агентлаг тавдугаар сарын 28-ны өдөр болох хэвлэлийн бага хурал дээр зарлахаар болжээ. Энэ агентлаг Пфайзер вакциныг ашиглахыг зөвшөөрвөл Германы өсвөр насныхан зургадугаар сар гэхэд дархлаажуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлнэ гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдэж байв. 

 

Калифорни дархлаажуулалтыг дэмжих ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулжээ 

Америкийн Калифорни муж дархлаажуулалтыг идэвхжүүлэх хөтөлбөрт зориулж 116 сая гаруй доллар гаргажээ. Энэ хөрөнгөөр, зургадугаар сарын 15-наас өмнө вакцин тариулсан хүмүүст бэлэн мөнгө эсвэл бэлгийн карт олгох ажлын санхүүжилтийг хийх юм байна. Зургадугаар сарын 15-ны өдрийг сонгосон учир нь энэ өдөр АНУ цар тахлын дараах эдийн засгаа дахин хөл дээр нь босгох хөтөлбөр эхлэх юм. 

 

Түүнчлэн Калифорнийн 10 оршин суугчийг сугалаагаар тодруулан, тус бүр 10 сая доллараар урамшуулах аж. 

 

Коронавирусийн үүслийг шалгах ажлаа ДЭМБ үргэлжлүүлэхийг АНУ уриалав

Коронавирусийн үүслийн анхдагч шалтгаануудыг шалгах, тэр дундаа Хятадын нутаг дэвсгэр дээр энэ ажлыг үргэлжлүүлэхийг АНУ ДЭМБ-д хандан уриалжээ. ДЭМБ-ын шалгалтын эхний хэсгийг АНУ "хангалтгүй" гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар НҮБ-ын  дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Европын холбоо Япон руу 100 сая тун илгээжээ 

Европын холбоо дотоодод нь вакцин хомсдолтой байгаа ч сүүлийн саруудад Япон руу 100 сая тун вакцин илгээжээ. Энэ талаар Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

Энэ нь Японд болох "Олимпын наадмыг дэмжиж байгаагийн илрэл" хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

Энд дуулгахад, Токио-2020 олимпын наадам өнгөрсөн жил зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, энэ оны долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийхээр болсон юм. Хэдийгээр 2021 онд зохион байгуулагдах болсон ч "Токио-2020" гэх нэрээ хэвээр хадгалж үлдсэн энэ наадам 2021 оны наймдугаар сарын наймны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин