Башар Асад 95 хувийн саналаар дахин Ерөнхийлөгч боллоо
2021-05-28

Башар Асад Сирийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Санал хураалтын дүнгээр тэрбээр 95,1 хувийн санал авсан гэж Ардын зөвлөл (shuud.mn: Сирийн парламент) -ийн дарга Хаммуда Сабаг мэдэгдсэн байна. 

 

"Сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Башар Асад ялалт байгууллаа. Тэрбээр сонгогчдын 95,1 хувийн дэмжлэгийг авсан юм" хэмээн Сабаг мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Сирийн Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд сонгогчдын ирц 78 хувьтай буюу 14 сая гаруй иргэн санал хураалтад оролцсон байна. Сонгуульд нэр дэвшсэн Махмуд Мерии болон Абдалла Саллюм Абдалла нар тус бүр 3,5, 1,5 хувийн санал авчээ. 

Сонгуулийн дүнг зарлахаас ч өмнө Сирийн нийслэл болон бусад хотуудад иргэд баяр тэмдэглэн, гудамжинд жагсан, дуулж хуурдаж байсан талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. Хамгийн том цугларалт яг одоо Касьюн уулан дээр байх Ерөнхийлөгчийн ордны гадаах Омейядов талбай дээр өрнөж байгаа аж.

 

Энд дуулгахад, 2012 онд батлагдсан Сирийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь долоон жил байдаг. Өмнөх сонгууль мөн ийм зарчмаар 2014 онд явагдаж, Башар Асад сонгогчдын 88,7 хувийн саналыг авч байв. 

 

Сирийн өнөөгийн ерөнхийлөгч 2000 онд эцгийнхээ оронд төрийн тэргүүний суудалд очсон. Түүний эцэг Хафез Асад гуч гаруй жил Сири улсыг "төмөр нударгаар" захирсан нэгэн байв. 2007 онд Башар Асад бүх нийтийн санал асуулгаар хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож, Ардын зөвлөлийн гишүүдийн өмнө тангараг өргөж байлаа. Тухайн үед түүний төлөө сонгогчдын 97,62 хувь нь санал өгч байжээ. Асад 1963 оноос хойш төрийн эрхийг барьж байгаа Арабын социалист сэргэн мандалтын намын ерөнхий нарийн бичгийн дарга юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин