Японд байгаа Мьянмарын иргэдийн визийг сунгана

Төрийн эрхэнд цэргийнхэн гарсантай холбоотойгоор эх орондоо буцахаас эмээж байгаа Мьянмарын иргэдийн урт хугацааны визийг сунгах шийдвэрийг Японы эрх баригчид гаргажээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн байдлаар Японд Мьянмарын 35 мянга орчим иргэн амьдардаг аж.
Мьянмарын иргэд зохих хүсэлт гаргавал визний хугацааг зургаагаас нэг жил хүртэлх хугацаагаар сунгах юм байна. Мьянмарын нөхцөл байдал сайжрахгүй бол Японы эрх баригчид тэдний оршин суух зөвшөөрлийг дахин сунгах талаар ч хэлэлцэж байгаа гэнэ. Түүнчлэн орогнол хүссэн, Мьянмарын 3000 орчим иргэний хүсэлтийг нэн тэргүүнд шийдвэрлэх, тэдэнд орогнол олгохгүй бол Японы нутаг дэвсгэрээс хөөхгүй байхаар шийджээ.
Энд дуулгахад, Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын нэгний өдөр эргэлт хийж, төрийн эрхийг гартаа аван, нэг жилийн хугацаатай онц байдал тогтоосон юм. Цэргийнхнийг төрийн эрхэнд гарсныг эсэргүүцсэн олон нийт жагсаж, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар байгаагийн дээр цэрэг, цагдаагийнхан хүч хэрэглэн эсэргүүцлийг намжаах гэснээс үүдэн мөргөлдөөн өрнөж байна. Эсэргүүцлийн арга хэмжээ өрнөснөөс хойш Мьянмарт 818 хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ