Халдвар хүндэрч, нас баралт залуужиж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 7800 шинжилгээнээс 891 халдвар батлагдав. Ингэснээр манай улсын халдварын тоо 57 512 болон нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд халдвартай хүний ойрын хавьтлаас гадна иргэдийн дунд ажиллаж амьдарч байгаад шинжилгээ өгсөн хүмүүсээс ч илэрч байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлахыг иргэдэд анхааруулж байна.
Энэ хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Тодруулбал 32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71, 83 настай эрэгтэй хүмүүс коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингэснээр манай улсын 272 иргэн халдварын улмаас амь насаа алдлаа.
Сүүлийн өдрүүдэд халдварын улмаас нас барах иргэдийн нас улам залуужиж байна. Иргэд халдвар аваад хүндэрсэний дараа эмнэлэгт ирж байгаа нь тусламж авч чадахгүй амь насаа алдах шалтгаан болж байгааг ЭМЯ-наас мэдээлж байна. Иргэд энгийн ханиад хүрсэн хэмээн биед нь илэрсэн шинж тэмдгийг тоохгүй байснаас халдварыг хүндрүүлж байна. Тиймээс иргэн та биеэ сайн ажиглаж, коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай юм.
Өнөөдрийн байдлаар халдварын хөнгөн хэлбэрийн оноштой 2930 хүн өрхийн эмнэлгийн хяналтад гэртээ байна.
Долоо хоногт 5042 хүн халдвар авч, 24 хүн нас барлаа
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эргэн өсөж, хүндрэл нэмэгдэн, нас баралт буурахгүй байна. Энэ долоо хоногт гэхэд 5042 хүн шинээр коронавирусийн халдвартай нь батлагдлаа.
Тодруулбал
Даваа гаригт 630
Мягмар гаригт 634
Лхагва гаригт 680
Пүрэв гаригт 653
Баасан гаригт 785
Бямба гаригт 769
Ням гаригт 891 шинэ тохиолдол батлагдлаа.
Долоо хоногт илэрсэн 5042 тохиолдлын 4724 нь Улаанбаатар хотод батлагдав. Нийт өвчлөлийн ихэнх нь нийслэлд бүртгэгдсэн нь Улаанбаатар хот бүхэлдээ коронавирусийн халдварын голомт хэвээр байгаа гэдгийг харуулж буй юм.
Нас баралтыг харвал:
Даваа гаригт 5
Мягмар гаригт 2
Лхагва гаригт 2
Пүрэв гаригт 2
Баасан гаригт 4
Бямба гаригт 5
Ням гаригт 4 хүн нас барлаа. Ингэснээр 7 хоногт 24 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдлаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ