Сонгуульд нэр дэвшигчийг ойроос харах нь таны сонголтод нөлөөлөх үү

Сүүлийн 24 цагийн хугацаанд 7800 сорьцод шинжилгээ хийснээс 891 хүнд халдвар илэрсэн. Ингэснээр манай улсын хэмжээнд нийт 57 512 тохиолдол бүртгэгдэв. Мөн халдварын улмаас дөрвөн хүн нас барж, нийт 272 хүн нас баржээ. Харамсалтай нь нас баралт нэмэгдсээр л. Манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн удаагийн хөл хорио тогтоов. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдлыг хяналтандаа авна хэмээж байна. Ингээд хоёрдугаар сарын 23-наас эхэлж дархлаажуулалт эхэлсэн. Вакцины татан авалт удааширч, 14 хоног дархлаажуулалтын ажил зогссоныг эс тооцвол дархлаажуулалт эрчимтэй явагдаж байгаа. Засгийн газраас ковидгүй зуны төлөө уриан дор дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Иргэд ч ухамсартайгаар вакциндаа хамрагдаж байна.
Тухайлбал, өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 930, II тунд 14487, нийт 15417 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.6 хувь буюу 948837 нь I тунд, 75.9 хувь буюу 723637 нь II тунд хамрагдаад байна.
Гэвч вакцинжуулалтын үр дүн төдийлөн сайн гарахгүй хэвээр л . Үнэндээ та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсанаар 100 хувь дархлаа тогтохгүй. Харин 14-21 хоногийн дараагаас дархлаа тогтоно. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй бол халдварт өртөх боломжтой. Мөн вакцины бүрэн тунгаа аваад 21 хоносон ч нийгэм эрүүл мэндийн аргыг өөрийн амьдралдаа хэвшүүлэх хамгаас чухал. Энэ талаар Эрүүлийг хамгаалахын гавьяат эмч А.Амбасэлмаа “Нийслэлийн хүн амын дунд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд тайвширч болохгүй. Лабораториор батлагдах тохиолдлын тоо тодорхой хэмжээнд багассан ч нийт өвчлөлийн тоо буураагүй. Цар тахлын өргөн тархалтын үед лабораториор батлагдсан тохиолдлын цаана 50 орчим хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өвчнийг цааш тараахад гол үүрэгтэй байдаг. Мөн хавьтлын тоо нэмэгдэж, хавьтлууд өвчлөл тараах нь өндөр. Иймд иргэд халдвар буурсан гэж тайвширч болохгүй. Хатуу бөгөөд хариуцлагатай цаг үетэй тулаад байна.
Цар тахлаас тэмцэх, сэргийлэх гол арга зам нь вакцин. Монгол Улс вакцин гартал жил гаруйгийн хугацаанд халдварыг барьж чадсан. Тиймээс нэгдэж, хариуцлагатай эрчтэй, хүчтэй байвал халдварыг бууруулах боломж байна. Манай улс хүн амаа дархлаажуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа. Богино хугацаанд эхний тунгийн хамралтыг 100 орчим хувьд хүргэсэн том амжилт. Хоёрдугаар тунг бүрэн хийхийн тулд ажиллаж байна. Гэхдээ халдвар өргөн тархсан үед вакцин хооронд халдвар авах эрсдэл маш өндөр.
Вакцины хоёр тун хоорондын хугацаанд дэглэмээ баримтлан, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Мөн хоёрдахь тунг хийлгэсний дараа 14-21 хоногийн хугацаанд дархлаа тогттол биеэ хамгаалах хэрэгтэй. Халдварт өртөх эрсдэл маш их. Тиймээс энэ эрсдэлийг даван туулах хэрэгтэй. Олон улс энэ эрсдэлийг даван туулахыг зорьж байна.
Мөн вакцины хажуугаар нийгэм эрүүл мэндийн бусад арга хэмжээг хослуулж явдаг. Ямар нэгэн халдварт өвчний үед вакцинд бүрэн найдаж, дархлаа тогтоогүй үед хаяж болдоггүй. Вакцинаа хийлгэж, амны хаалтаа зүүж, биеийн дархлаагаа сайжруулах хэрэгтэй” гэж анхааруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 09-нд болно. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эдгээр өдрүүдэд нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. Гэвч иргэд сонгогчидтой уулзах уулзалт халдвар хамгааллын дэглэмийг үл баримтлана. Магадгүй нөхцөл байдал энэ хэвээр эсвэл улам дордвол сонгуулийн дараа дахин хатуу хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй. Тиймээс цахимаар мэдээ мэдээллээ авч, сонгуулийн сурталчилгааны уулзалтад очихоос татгалзах хэрэгтэй. Хэрэв үгүй бол энэ зуныг дахиад л хөл хорионд өнгөрөөж магад.
Сонгуульд нэр дэвшигчийг ойроос харах нь таны сонголтод нөлөөлөх үү?
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ