Хойд Солонгост өнчин хүүхдүүдийг уурхай дээр ажиллуулж байна

img

Коронавирусийн цар тахлаас сэргийлж хилээ хааснаас нь хойш эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн Хойд Солонгост өнчин хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр уурхай, фермүүдэд ажиллуулж байгаа талаар тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Солонгосын цахим мэдээллийн агентлагийн дамжуулсан мэдээлэлд, хүүхдүүд "ухаалаг, эрэлхэг зан гарган цэцэглэн хөгжих насан дээрээ" улс орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөхөөр шийдсэн гэж онцолжээ. Үйлдвэр, ферм, ойд сайн дураар ажиллахаар 700 орчим өнчин хүүхэд ирсэн гэж агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэ мэдээлэлд хавсаргасан гэрэл зургуудаас харахад өсвөр насны хүүхдүүд тариалангийн талбай, уурхай дээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн, үүнээс өмнөх мэдээлэлд "олон өнчин хүүхэд намын хайр энэрлийн ачийг багахан ч гэсэн хариулж, өргөсөн тангаргаа биелүүлэхийн тулд Чонна дүүргийн нүүрс олборлох үйлдвэр рүү явсан" хэмээн мэдээлжээ.  Хүний эрхийг хамгаалагчид Хойд Солонгост хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа талаар эртнээс л мэдэгдэж байгаа ч БНАСАУ-ын эрх баригчид үүнийг няцаадаг юм. 

 

2020 онд АНУ-ын Төрийн департаментын гаргасан илтгэлд Хойд Солонгос "хүүхдийг тэвшичгүй хөдөлмөр эрхлүүлдэг" хэмээн онцолсон байв. Тэр дундаа үйлдвэр, тариалангийн талбай, замын цас цэвэрлэх ажилд БНАСАУ-ын сурагчдыг дайчилдаг хэмээн илтгэлд өгүүлж байлаа.

 

Мөн 10 жилийн туршид 16-17 настай хүүхдүүдийг "цэрэгжсэн залуусын барилгын бригадад элсүүлэн", тэнд очсон хүүхдүүд албадан хөдөлмөр эрхэлсэний улмаас бие бялдрын болоод сэтгэл санааны хохирол амсаж, өлөн зэлмэнгээс болж турж эцэн, өсөлт нь зогсдог гэж АНУ -ын мэдэгдэлд өгүүлсэн байв. АНУ болон хүний эрхийг хамгаалагчдын зүгээс ийм мэдээлэл гарах бүрийд Хойд Солонгос эрс няцаадаг юм.

 

Энд дуулгахад, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун намын бага хурал дээр мэдэгдэл хийхдээ иргэдийгээ хүнд цаг үед бэлтгэхийг уриалан, өнөөгийн нөхцөл байдлыг гурван сая орчим хүн амиа алдаж байсан 1990-ээд оны өлсгөлөнтэй зүйрлэсэн байна. Коронавирусийн цар тахлын улмаас Хойд Солонгос хилээ бүрэн хааж, эдийн засгийнх нь гол аврагч болох Хятадтай хийх худалдаагаа зогсоосон юм. Мөн эдийн засаг нь нэн хүндэрсэн нөхцөлд иргэдийг биеийн хүчний ажлыг цалин хөлсгүй хийхийг орон даяар уриалж байгаа талаар Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manai uls ch er ni araas ni yavaal bga shuu
2021-06-02
хөөрхий, сайн дурын үндсэн дээр гэнэ шүү, яв эсвэл шоронд орж үх гэж бгаа шүү дээ
2021-05-31