АНУ: Вакцин тариулсан хүмүүс рок тоглолтын тасалбарыг хямдралтай авна

Америкийн Флорида мужид коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүс рок тоглолтын тасалбарыг хямдралтай үнээр буюу 18 доллараар авах боломжтой гэж The Hill мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Teenage Bottlerocket, MakeWar болон Rutterkin гэсэн рок хамтлагуудын оролцсон тоглолт вакцин тариулаагүй хүмүүст тасалбараа 1000 орчим доллараар худалдаалах бол урьдчилан сэргийлэх тарилга хийлгүүлснээ батлах баримт бичигтэй үзэгчдэд 18 доллараар зарах гэнэ.
"Хямдралтай тасалбар авахын тулд биеийн байцаалт, коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан тухай лавлагаа авчрах шаардлагатай" хэмээн тасалбар борлуулах цахим хуудас дээр мэдээлжээ.
Тоглолтын зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ нь шоуг аюулгүй нөхцөлд явуулах хүсэл эрмэлзэлтэй нь холбоотой гэнэ. Түүнчлэн олон нийтийн дархлаажуулалтыг идэвхжүүлэхэд том түлхэц болно гэж үзэж байгаа аж.
"Бид тоглолтыг аюулгүй байлгахыг зорьж байна. Хүмүүс өөрийгөө, гэр бүлээ болон нийгмээ хамгаалахын тулд вакцинд хамрагдах ёстой" хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ. Хэдийгээр халдвараас хамгаалж, аюулгүй тоглолт зохион байгуулах эрмэлзэлтэй ч вакцин тариулаагүй, тасалбарыг үндсэн үнээр нь авсан хүмүүсийг ч оруулах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ