Израилийн Гадаад хэргийн сайд Египетэд айлчилж байна

Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри тус улсад айлчилж буй Израилийн Гадаад хэргийн сайд Габи Ашкеназитай ням гарагт Каир хотноо хэлэлцээ хийжээ.
Энэ үеэр талууд Израиль, Палестины хоорондын гал зогсоох тохиролцоог батжуулах арга хэмжээг хэлэлцэн, Дундад Дорнодод энхийн явцыг урагшлуулахын тулд хяналтыг чангатгахаар харилцан тохиролцсон байна.
Габи Ашкеназигийн энэ айлчлал нь 2008 оноос хойш Израилийн Гадаад хэргийн сайд Египетэд хийж буй анхны айлчлал юм. Египетийн Гадаад хэргийн яамны гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, талууд хэлэлцээрийн явцад "энхийн явц дахь өнөөгийн мухардлаас гарах гарцыг хайх"-ын тулд Палестины үндэсний захиргаатай зөвлөгөөн явуулахаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Эргэн сануулахад, тавдугаар сарын 10-ны өдөр Израиль, Газын зурвас дахь зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн эхэлж, хоёр талаас ихээхэн хохирол амсан, олон улс санаа зовниж байлаа. Улмаар Египетийн зуучлалаар Палестины исламын хөдөлгөөн болон Израиль гал зогсоохоор тохиролцсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ