Хүүхдийн баярыг ӨНӨӨДӨР тэмдэглэдэг болсны учир

Жил бүр, зургадугаар сарын нэгний өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Зарим оронд энэ өдрийг баяр ёслол болгон, хүүхдүүдийг баярлуулах өдөр болгон тэмдэглэсээр уламжлал болсон бол хөгжингүй орнуудад хүүхдүүдийн асуудалд анхаарал хандуулахын тулд жагсаал цуглаан хийж өнгөрүүлдэг. Чухамхүү зургадугаар сарын нэгний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх болсон нь хэд хэдэн үйл явдалтай холбоотой юм.
1925 оны зургадугаар сарын нэгний өдөр Женевт болсон олон улсын бага хуралтай холбоотойгоор Хүүхдийг хамгаалах өдрийг энэ өдөр тэмдэглэх болсон гэж үздэг. Энэ уулзалтан дээр шинжээчид хүүхдүүдийн амьдралын нөхцлийг сайжруулах арга замуудын талаар хэлэлцэж байжээ.
Хүүхэд хамгаалах өдрийг бий болгохыг санаачлагчдын нэг нь Сан-Франциско дахь Хятадын Ерөнхий консул байжээ. Мөн л 1925 онд тэрбээр бүхий л өнчин хүүхдэд зориулан "Дуань-у-же" сайн үйлсийн наадам зохион байгуулснаар өнчин хүүхдүүдийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан гэдэг.
Санаачилга эрт гарсан ч 1949 онд Парис хотод болсон эмэгтэйчүүдийн конгрессоор л Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдрийг байгуулах шийдвэр гарагжээ. Тухайн үед Дэлхийн хоёрдугаар дайны дараа эцэг эхгүй, орон гэргүй үлдсэн хүүхдүүдийн асуудал хурцаар тавигдаж байлаа. Ингээд дараа жилээс нь буюу 1950 оны зургадугаар сарын нэгний өдөр дэлхий нийт анх удаа хүүхдийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Үүний дараагаас, энэ өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарчээ.
Эрхийг сануулсан өдөр
Энэ өдөр дэлхийн олон оронд жагсаал, цуглаан, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг дэмжих арга хэмжээнүүд ихээр зохион байгуулагддаг юм.

Түүнчлэн үр хөндөлтийг эсэргүүцэгчид зургадугаар сарын нэгний өдрийг төрөөгүй хүүхдүүдийн амьдрах эрхийг хамгаалахын төлөөх жагсаал хийх өдөр болгон сонгон авсан. АНУ, Чех, Литва, Беларусь болон бусад орнуудад үр хөндөлтийг эсэргүүцэгчид зургадугаар сарын нэгний өдөр эсвэл ойролцоох өдөр нь цуглан, олон нийтийн анхаарлыг үр хөндөлтийн асуудалд хандуулахыг хичээдэг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ