Орон нутгийн халдварын нөхцөл байдал хүндэрч эхэллээ

Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1000 дөхөж, нас баралт залуужсаар л. Тухайлбал, өчигдөр 6026 сорьцод шинжилгээ хийснээс 927 хүнд халдвар илрэв. Ингэснээр манай улсын нййт батлагдсан тохиолдол 58 439 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын 829 нь Улаанбаатарт, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,Орхонд 8, Дархан-Уул аймагт 4, Булганд 7, Сэлэнгэд 3, Хэнтийд 2, Төв аймагт 41, Сүхбаатарт 7, Архангайд 2, Увс аймагт 12, Баян-Өлгийд 7, Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Үүнээс нэг зүйлийг харж болно. Орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Увс, Баян-Өлгий хоёр аймагт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийгээд байгаа юм.
Тухайлбал, Баян-Өлгий аймагт коронавирус халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийжээ. Тухайн хугацаанд хүнсний найман нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.
Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
Харин Увс аймагт өнгөрсөн сарын 28-нд халдварын таван тохиолдол бүртгэгдсэн учир 72 цагийн хугацаатай аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Гэсэн ч цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр, тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор зургадугаар сарын 03-ны өглөөний 08.00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон хөл хориог сунгав.
Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банк ажиллахгүй аж.
Сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа нь орон нутгийн хөдөлгөөнийг нээсэн, ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж буй гэсэн үндсэн хоёр шалтгаантай. Ковидгүй зуны төлөө гэсэн уриан дор Засгийн газраас дөрөв тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгож зарласан. Иргэд ч дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж буй. Иймд тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Зуны дэлгэр цаг болж байгаа учир аялж, агаар салхинд гарах гэсэн хүмүүс хөдөөг зорьж байна. Хот хоорондын хөдөлгөөн эрс нэмэгдсэн.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 09-нд болно. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж, иргэдтэй уулзаж хөндлөн гулд давхиж байгаа. Ингэхдээ зарим нь амны хаалтгүй, тэврэлдэж, гар барьж нэг дор олноор цугларч байна. Халдвар хамгааллын дэглэм хаачив. Хатуу хөл хорио тогтоож, өнөөдрийг хүртэл тэссэн бидний зүтгэл хаана байна. Халдвар хамгааллын дэглэм баримтлах журмын хэрэгжилт хаана байна.
Хэрэв энэ хэвээр байсаар байвал орон нутгийн нөхцөл байдал бүр илүү дордоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас дахин хатуу хөл хорио тавьж ч магад юм. Тиймээс хаа хаанаа ухамсартай байх хэрэгтэй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ