Нэгдүгээрт ХҮҮХДИЙН ЭРХ

img

Зургадугаар сарын нэгэн. Хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Хүүхдийн баяр"-ын мэнд дэвшүүлье.

 

Хүүхэд бүр сэтгэл догдлон хүлээдэг баярын энэ өдөр дэлхий нийтээр тархсан цар тахлын дэгдэлтийн  улмаас гэр гэртээ тэмдэглэх нь. Аав, ээж, эмээ өвөө, ах эгч нар хүүхдүүдээ баярлуулахаар хэрэндээ хичээж байгаа. Хүүхдийн баяр бол гэр бүлийн баяр юм. 

 

Тиймээс энэ жил "Нэгдүгээрт ХҮҮХЭД" үндэсний хөдөлгөөн болгон өргөжүүлж нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх аяныг санаачилаад байна. Цар тахлын үед хүүхдийн эрх зөрчигдөж байгааг судалгааны дүн харуулсан. 200 000 мянган хүүхэдтэй 109 000 орчим гэр бүлд судалгаа хийхэд 19 хувь нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгааг судалгаагаар харуулсан. Эдгээр өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгаж амьдарч байна.  Хүүхдийн амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж байна. Хүүхэд төрсөн цагаасаа эрх нь үүсэж байдаг. Хүүхэд гэр бүлийн, нийгмийн хүрээнд аюулгүй, дарамт шахалтгүй амьдарч, сурч боловсрох эрхээ бүрэн гүйцэт эдлэх ёстой. 

 

1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.

 

1959 оны 11 сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. 1989 оны 11 дүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенц НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, үүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чаджээ.

 

1925 оны 5 сарын 8-нд манай улсад Их зохиолч Д.Нацагдорж журмын нөхдийн хамт санаачлан хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийг бий болгосон түүхтэй. 2002 оны 6 сарын 1-нд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн. 

 

Монголын үрс эрүүл энх өсөн торниж,  эрдэм номтой, эх орны ирээдүйн эзэд болог ээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ