Та хүүхдэдээ КОВИД-19-ийн вакцин хийлгэх үү

img

Манай улсад коронавирусийн халдварын идэвхжил өндөр хэвээр буй. Товчхондоо тайвшрах болоогүй гэсэн үг. Эрүүл мэндийн яамны мэдээллээс харвал 25-34 насныхан халдварт хамгийн их өртөж байна. Шалтгаан нь энэ насныхан нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг. Дээр нь бусад насны бүлэгтэй харьцуулвал 18-34 насныхан вакцинд хамрагдалт хамгийн бага байгаа нь халдварт өртөхөд нөлөөлж буйг Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.

 

 

Хамгийн гол нь энэ насныхан өөрсдөө өвдөөд зогсохгүй хүүхдүүдэд халдвар тараах эх үүсвэр болж буй нь яг өнөөдрийн том асуудал. Өөрөөр хэлбэл аав ээжүүд хүүхдэдээ, ах эгч нар дүү нартаа ковидын халдвар тарааж байна гэсэн үг. Одоогийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн 22 хувийг хүүхдүүд эзэлж байна. Хүүхдүүдийн халдварыг харвал 0-4 насны хүүхдүүд 22.3, 5-9 насныхан 32.3 хувь, 10-14 настнууд 31 хувь, 15-17 нас 14.3 хувьтай байна. Эндээс харвал байнгын ээж аавын хараа хяналтад байдаг насныхан халдварт илүү өртжээ. Энэ нь ээж аавууд хүүхдэд халдвар тарааж буйгийн нэг илрэл гэж болно.

 

Хэдийгээр нийт халдвартай харьцуулвал 22 хувь нь бага боловч, сүүлийн 14 хоногийн хугацаанд хүүхдийн халдвар эрс өсч, 28 хувь болсон байна. Коронавирусийн халдвар хүүхдүүдийг “онилж” эхэлсэн гэсэн үг. Үүний шалтгааныг эрүүл мэндийн байгууллагынхан вакцинтай холбон тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл хүүхдүүд буюу вакцин хийгээгүй бүлэг халдварын гол бай болж буй хэмээн мэдээлж байна. Хүүхдийн өвчлөл цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.

 

Тэгвэл бид хүүхдээ яаж хамгаалах вэ. Яг одоогийн нөхцөлд хүүхдээ хамгаалах ганц арга нь эцэг эхчүүд өөрсдөө халдвараас урьдчилан сэргийлэх, мөн вакцинд хамрагдах гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэвч вакцин хийлгэсэн ч халдвар аваад байгаа тохиолдолд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?! Тэгэхээр вакцинд бус өөрөө өөртөө найдахаас өөр аргагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл халдвар хамгааллын дэглэм хамгаас чухал. Энэ нь таныг өөрийгөө болон хайртай үрсээ хамгаалах цорын ганц баталгаатай арга.

 

Европын орнуудад файзер вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрч, хүүхдүүдийг дархлаажуулах ажил эхэлсэн. Гэвч манай улс хүүхдүүдээ хэзээнээс дархлаажуулах нь одоогоор тодорхойгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 12-17 насны хүүхдүүдийг ирэх долдугаар сарын нэгнээс вакцинжуулж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн ч сүүлийн өдрүүдэд энэ тухай огт яригдсангүй. Ирэх хичээлийн жилийг танхимдаа угтахын тулд сурагчдыг дархлаажуулах нь тодорхой. Харин та хүүхдэдээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэх үү? Энэ таны мэдлийн, сайн дурын асуудал учраас эцсийн шийдвэрийг ээж аавууд гаргана. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
"Хүүхдүүддээ вакцин тариулах эсэх шийдвэрийг эцэг эхчүүд гаргана" гэж хэлж байгаа энэ В.Бат гэж яасан тэнэг, хорлонтой хүн вэ? Коронавирусын талаар болон түүний эсрэг вакцины талаар "А" ч байхгүй, эмч бус эцэг эхчүүд яаж ийм хариуцлагатай шийдвэр гаргаж чадах юм вэ? Ийм хариуцлагатай шийдвэрийг Засгийн газар, Эрүүл мэндийн яам л гаргах ёстой. Энэ бол Засгийн газар, Эрүүл мэндийн яамны шууд чиг үүрэг нь шүү дээ. Чухам үүний тулд л Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Эрүүл мэндийн яам гэж нэрлэгддэг. Энэ В.Бат гэж хүнийг дайралдсан газар нь устгах хэрэгтэй!!!
2021-06-02