Хөл хориог сунгах саналыг УОК дэмжсэнгүй

Орон нутаг халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тухайлбал, Увс, Баян-Өлгий аймагт хатуу хөл хорио тогтоогоод байсан юм.
Баян-Өлгий аймагт коронавируст халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдаанаар тавдугаар сарын 30-наас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийх шийдвэр гаргасан.Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй. Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулан ажилласан.
Тэгвэл тус аймгийн хэмжээнд тогтоогоод байсан хөл хориог сулруулжээ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Баян-Өлгийн аймагт сүүлийн найман сар алдаагүй ажилласан. Харамсалтай нь гурав хоногийн өмнө дотоодын халдвар бүртгэгдлээ. Дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн нийслэл Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийг гэрээр тусгаарлана гэж шийдвэрлэсэн. Гэхдээ энэ шийдвэрийн аймгийн Онцгой комисс дагаагүй. Хотоос ирсэн хүн бүрийг долоо хоног буудлын тусгаарлалтад байлгасан. Ингээд хамгийн анхны зөөвөрлөгдсөн тохиолдол дөрөвдүгээр сарын 06-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 20 гаруй болж байна. Сүүлийн гурван хоногт 18 тохиолдол бүртгэгдлээ. Тус 18 хүний дунд 2-13 насны долоон хүүхэд байна. Халдвараар өвчилсөн хоёр том хүн, хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Бусад нь хэвийн байна. Хөл хориог сунгах саналыг эрүүл мэндийн газраас гаргасан ч УОК-оос зөвшөөрсөнгүй. Тиймээс хөл хориог үргэлжлүүлж сунгаагүй. Дөнгөж сая Улаанбаатар хотоос 23 зорчигчтой автобус орж ирлээ. Тухайн автобусанд байсанд нэг хүнээс халдвар илэрсэн. Тухайн автобусаар ирсэн бүх хүн халдварт өртсөн байж магад. Баян-Өлгийчүүд коронавирустай зэрэгцээд амьдарна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай.” гэв.
Харин Увс аймагт өнгөрсөн сарын 28-нд халдварын таван тохиолдол бүртгэгдсэн учир 72 цагийн хугацаатай аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Гэсэн ч цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр, тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор зургадугаар сарын 03-ны өглөөний 08.00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон хөл хориог сунгав.
Энэ талаар Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд "Халдвар эрчимтэй тархаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Улаангом сумаас гадна зургаан суманд голомт бүртгэгдсэн байна. Тиймээс эхний ээлжинд ор дэлгэх ажлыг эхлүүлж байгаа. Мөн өвчилсөн иргэдийн хавьтагчдыг тогтоох ажлыг хийж байна. Эмнэлгийн хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Сумуудад хяналтын ажлыг сайжруулахад анхаарч байна. Хот хоорондын хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Бүх өвчилсөн хүмүүсийг аймгийн нэгдсэн эмнэлэгт татан эмчилж байна. Иргэд та бүхэн халдвар хамгааллаа сайтар баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдана уу " гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ