Бразилын нэг хотод вакцинжуулалтын ачаар нас баралт 95 хувь буурчээ

Бразилын, 45 мянган хүн амтай Серрана хотын насанд хүрэгчдийг бараг бүгдийг туршилтын хүрээнд вакцинд хамруулсны дараа коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт 95 хувиар буурчээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сан-Паулу мужийн Серрана хотод вакцины туршилтыг Бутантан хүрээлэн хоёроос дөрөвдүгээр сарын хооронд явуулжээ. Вирусийг тогтоон барих босгыг тодорхойлохын тулд хотыг дөрвөн хэсэгт хуваасан байна.
Улмаар туршилтын хүрээнд Серрена хотын насанд хүрэгчид Хятадын Синовак компанийн Коронавак вакцинд хамрагджээ. Дархлаажуулалтыг өргөн цар хүрээтэй явуулснаар вакцинд хамрагдаагүй хүмүүс ч өвдөх, нас барах нь багассан гэж судлаачид өгүүлсэн байна. Тэдний үзэж байгаагаар хүн амын 75-аас багагүй хувь нь вакцинд бүрэн хамрагдвал цар тахлыг хяналтдаа оруулах боломжтой гэнэ.
Тодруулбал, хотын 18-аас дээш насны бараг бүх хүнийг вакцинд хамруулснаар нас баралт 95 хувь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь 86 хувь, харин шинж тэмдэг үүсэх тохиолдол 80 хувиар тус тус буурчээ. Түүнчлэн вакцинд хамрагдаагүй өсвөр насныхан болон хүүхдүүдийн дундах өвчлөл буурсан бөгөөд энэ нь сургууль нээхийн тулд хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагагүй гэдгийг харуулж байж болох юм хэмээн эрдэмтэд мэдэгдсэн байна.
Судалгаа явуулсан эрдэмтдийн өгүүлснээр, Серрана хот дахь туршилт энэ төрлийн туршилтуудаас дундаас дэлхийд анхдагч байсан гэнэ. Мөн Бразилын өөр нэг хот болох, 148 мянган хүн амтай Ботукатуд АстраЗенека вакциныг ашиглан туршилт явуулж байгаа аж.
Энд дуулгахал, Бразил бол коронавирусийн халдвар хамгийн их тархсан орнуудын нэг бөгөөд энэ аюулт өвчний улмаас тус улсад 463 мянга гаруй хүн амиа алдсан юм. Бразил нас баралтын тоогоор АНУ-ын ард, дэлхийд хоёрт, өвчлөлийн тоогоор 16,5 сая гаруй тохиолдолтойгоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ