ОХУ-д хүн амын 60 хувийг дархлаажуулвал хязгаарлалтыг сулруулна

img

Оросын насанд хүрсэн хүн амын 60 хувийг вакцинд хамруулсан тохиолдолд тус улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах боломжтой болох гэнэ. Энэ талаар Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, хүн амын 60 хувийг дархлаажуулж, дээр нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тоо нэмэгдэхээр олон нийтийн дунд дархлаа сайн үүсэх гэнэ. "Халдварын нөхцөл байдлыг ажиглана. Мэдээж төрөл бүриийн чиглэлүүдээр зарим хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулна" хэмээн Мурашко мэдэгджээ.

 

Өмнө нь тус улсын дэд сайд Татьяна Голикова мэдэгдэл хийхдээ 2021 оны есдүгээр сар гэхэд Оросын хүн амын дунд сүргийн дархлаа үүснэ гэж онцолж байлаа. Түүний өгүүлснээр бүс нутаг бүрт харилцан адилгүй байх бөгөөд сүргийн дархлаа үүсэх нь дархлаажуулалтын явцаас хамаарах гэнэ. Сүргийн дархлаа үүсэхэд 69 сая хүнд эсрэг биет үүссэн байх ёстой гэж Голикова онцолж байв.

 

Энд дуулгахад, 145,9 сая хүн амтай ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол таван саяыг давж, 120 мянганх хүн нас барсан юм. 2020 оны наймдугаар сард тус улс дотооддоо боловсруулсан вакцинаа бүртгэн авч, 12 дугаар сарын хоёрны өдөр Владимир Путин олон нийтийг дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлэхийг үүрэг болгосноор 12 дугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын бүхий л бүс нутгуудад коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар насанд хүрсэн хүн амын 11 хувь нь нэгдүгээр тунд, 8,64 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ