ЦАР ТАХАЛ: 100 сая ажилтан ядуусын эгнээнд шилжиж, эмэгтэйчүүд илүүтэй хямралд өртөж байна

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тавьж, эдийн засаг хумигдаж, олон сая хүн ажилгүй, орлогогүй болсоор байна.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, коронавирусийн цар тахал 108 сая ажилтан ядуурах шалтгаан болсон байна. Энэ нь хөл хорионы улмаас ажлын цаг эрс багасч, чанартай ажлын байрууд үгүй болсонтой холбоотой гэж НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгджээ.
Хөдөлмөрийн байгууллагын хийсэн судалгаагаар 2019 онтой харьцуулахад дэлхий даяар 108 сая ажилтан ядуу эсвэл нэн ядуу гэсэн ангилалд багтах болсон бөгөөд өөрөөр хэлбэл эдгээр ажилтны гэр бүлүүдийн нэг гишүүн өдөрт 3,20 доллараас бага мөнгөөр амь зуух болсон байна.
2020 онд дэлхий даяар 2019 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад ажлын цагийн 8,8 хувь нь алдагдсан нь 255 сая ажлын байртай тэнцэж байгаа аж. Хэдийгээр ихэнх улс орнуудад эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж эхэлсэн ч ажлын цагийн тоо бүрэн сэргэхэд хол, энэ оны эцэс гэхэд бүтэн цагийн ажлын байр 100 саяар дутагдана гэж судалгаанд өгүүлжээ.
Өнгөрсөн онд залуусын хөдөлмөр эрхлэлт хамгийн ихээр буурсан байна. Тодруулбал, 2020 онд 8,7 хувиар буурсан нь хижээл насныхны хөдөлмөр эрхлэлтийн бууралтаас хоёр дахин их байна. Өнгөрсөн онд хижээл насны ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт 3,7 хувиар буурчээ.
Цар тахлаас үүдэлтэй хямрал эмэгтэйчүүдэд илүүтэй туссан талаар судалгаанд онцолсон байна. Тэд хөдөлмөрийн зах зээлээс шахагдахын зэрэгцээ хөл хорионы үеэр сургууль, цэцэрлэг нь хаагдсан хүүхдүүдээ асрах, сургах, гэр орны ажил хийх гээд ихэнх үүргийг өөр дээрээ авч, ажлын байр гарсан ч ажилдаа эргэн орох боломж хомс болжээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын онцолсноор, цар тахлаас үүдэлтэй хөдөлмөрийн зах зээлийн хямрал дуусах болоогүй гэнэ. Цар тахлын ерөнхий нөхцөл байдал муудахгүй тохиолдолд л 2021 оны хоёрдугаар хагаст дэлхий даяарх хөдөлмөр эрхлэлт хурдацтай сэргэх аж. Гэхдээ вакцины тэгш хүртээмжгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэлт сэргэх байдал жигд явагдахгүй, учир нь нийт вакцины 75 гаруй хувийг ердөө 10 орон руу илгээсэн, бусад орнууд вакцингүйн улмаас эдийн засгаа сэргээх боломжгүй байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллага анхааруулжээ.
Ингэснээр 2022 онд дэлхий даяар 205 сая хүн ажилгүй болох гэнэ. 2019 онд энэ тоо 187 сая байжээ. Ажил эрхлэлт 2023 оноос нааш тахлын өмнөх үедээ очихгүй гэж судлаачид анхааруулжээ.
Хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцлийг үгүй хийсэн цар тахал
Ажил эрхлэлттэй холбоотой Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хийсэн судалгаанд эмэгтэйчүүд илүүтэй өртсөн талаар онцолжээ. Эмэгтэйчүүдийн эрх хэрхэн хөндөгдөж байгаа талаар өнгөрсөн онд НҮБ-ын илтгэл ч гарч байв. Энэ илтгэлд "коронавирусийн цар тахал хүйсийн тэгш эрхийн төлөөх 25 жилийн тэмцлийг үгүй хийлээ" хэмээн онцолсон байсан юм.
Судлаачдын үзэж байгаагаар, цар тахлын улмаас эмэгтэйчүүд гэрийн ажил илүү ихээр хийхээс аргагүй болж, карьер болон боловсролын боломжуудаа алдан, тэдний амьдралд бие болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлууд илүүтэй гарах болсон гэж илтгэлд онцолсон байна.
НҮБ-ын мэдээлснээр коронавирусийн цар тахал гарахаас ч өмнө дэлхийн бүхий л улс орнууд дахь цалин хөлсгүй ажил, тэр дундаа гэрийн ажлын хэмжээ өдөрт 16 тэрбум цаг байжээ. Ийм хэмжээний ажлын дөрөвний гурвыг эмэгтэйчүүд хийсээр ирсэн байна. Өөрөөр хэлбэл эрчүүд цалин хөлсгүй нэг цагийн ажил хийлээ гэхэд эмэгтэйчүүд түүнээс гурав дахин ихийг хийдэг аж. Гэтэл цар тахал эмэгтэйчүүдэд ирэх ачааллыг улам нэмэгдүүлсэн байна.
НҮБ судалгаа явуулахдаа бага болон дунд орлоготой орнуудын эмэгтэйчүүдийг хамруулсан ч өндөр хөгжилтэй орнуудад ч үр дүн ижил гарсан буюу цар тахлынх үед дэлхий даяар эмэгтэйчүүд илүү их гэрийн ажил хийх болжээ.
Хөл хорионы дараа ихэнх эмэгтэйчүүд ажилдаа эргэн орохгүй байж болзошгүй нь санаа зовнихуйц асуудал гэж судлаачид үзэж байгаа юм. 2020 оны есдүгээр сард гэхэд л 865 мянган эмэгтэй, 200 мянган эрэгтэй ажил хайхаа зогсоосон нь эмэгтэйчүүд ар гэр, үр хүүхдээ асрах, халамжлах бүхий л ачааг үүрдэгтэй холбоотой гэж судлаачид онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ