Дэлхийн брэндүүдэд өгсөн Хятадын ээлжит цохилт

Хятад улс барууны зарим брэндийн бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндэд хортой гэж үзжээ. Ийм мэдээлэл БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газраас гаргасан анхааруулгад тусгагдсан байна.
Гаалийн газрын мэдээлснээр, 2020 оны зургадугаар сараас 2021 оны тавдугаар сарын хооронд барууны орнуудын үйлдвэрлэгчдийн хүүхдэд зориулсан хувцас, тоглоом, шүдний сойз, гутал, усны савны чанарыг шалгажээ. Энэ шалгалтын дүнгээр 81 брэндийн импортын бараа бүтээгдэхүүн хүүхдийн биед аюултай гэсэн дүгнэлт гарсан байна.
Тэр дундаа, H&M брэндийн хувцаснаас хүүхдийн арьсаар дамжин биед нэвтэрч болзошгүй аюултай будагч бодис олсон гэнэ. Түүнчлэн Nike, Zara, GAP, GU брэндүүдийн хүүхдийн хувцаснаас ч зөрчил илэрсэн гэж Гаалийн ерөнхий газар мэдэгджээ. Тиймээс хүүхдэдээ импортын хувцас авахдаа болгоомжтой хандахыг уриалсан байна.
Хятад VS барууны брэндүүд
Гаалийн Ерөнхий газрын энэ мэдэгдэл нь Хятадын эрх баригчид барууны брэндүүдийг шахах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна. Гуравдугаар сард барууны орнуудын хэд хэдэн үйлдвэрлэгч уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэгээс үүдэн Шинжааны хөвөнг үйлдвэрлэлдээ ашиглахаас татгалзсаны хариуд Хятадын хэрэглэгчид төдийгүй эрх баригчид шахаанд оруулж байлаа.
Шинжаанд уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх мэдээллийг анх The Wall Street Journal 2019 онд нийтлэж байв. Үүний дараа H&M болон Nike брэндүүд "уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байж болзошгүйн улмаас " Шинжааны хөвөнгөөс татгалзах албан ёсны мэдэгдлийг 2020 онд хийсэн. Эдгээрийн дараа хятадууд нам жим байсан ч БНХАУ дахь хүний эрхийн асуудалтай холбоотойгоор барууны орнууд Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ тавьснаар хятадууд Шинжааны хөвөнгөөс татгалзсан брэндүүдийг хариу шахаанд оруулах болсон юм.
Улмаар хятадууд H&M, Nike төдийгүй Converse, Tommy Hilfiger, Calvin Klein, Burberry, Nike, New Balance, Adidas зэрэг брэндүүдийг ч хавчиж эхэлж, томоохон цахим худалдааны сайтууд эдгээр компаниудын апликейшнийг устгасан. Ийнхүү 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээлд гадуурхагдсан H&M компанийн хувьцаа гуравдугаар сарын сүүлээр 4.4-5.4 хувиар унасан юм.
Барууныхны хэл амны бай болсон Шинжаанд Хятадын нийт хөвөнгийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг аж. Эндэхийн хөвөнгөөс татгалзсан бусад брэндүүдийн жагсаалтыг Хятадын олон нийтийн сүлжээнүүдээр гаргаж, хэрэглэгчид эдгээр компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг уриалсаар байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ