Anonymous хакерчдын бүлэг Илон Маскад дайн зарлав

img

Олон улсын хакерчдын "Anonymous" бүлэг Илон Маскад "дайн зарлаж" байгаагаа мэдэгдсэн дүрс бичлэг нийтэлжээ. Ийн "дайн зарлах" болсон нь Илон Маск биткоины ханшид нөлөөлж, цахим валютын ханш унасантай холбоотой гэнэ. 

 

Илон Маскийн Твиттер дэх ганц л жиргээ биткоины ханшид эерэг эсвэл сөргөөр нөлөөлдөг юм. Тухайлбал, тавдугаар сарын 17-ны өдөр Теслагийн тэргүүн Маск цахим валютаа зарсан хэмээн мэдэгдсэнээс болж биткоины ханш 45 мянган доллараас бага түвшинд очин, унаж байлаа.

 

Олон улсын хакерчдын бүлэг Маскийг цахилгаан машин болон сансрын салбар дахь ололт амжилтуудынхаа ачаар дэлхийн тэрбумтнуудын дунд хамгийн сайн нэр хүндтэй байсан ч сүүлийн үед "өөрийгөө хэт дөвийлгөж, бусдыг үл тоомсорлох" хандлагатай болсон гэж үзсэн байна.

 

"Сүүлийн үед хүмүүс таниас анхаарах нэн шаардлагатай, өөрийгөө хэт дөвийлгөдөг баян хүнийг олж харах боллоо" хэмээн дүрс бичлэгт өгүүлжээ.

 

Тесла компани хүрээлэн буй орчинд төдийлөн анхаардаггүйг нотлох баримт байгаа гэж хакерчид мэдэгдээд, Маскийг "олон нийтийн элдэв авир гаргаж", түүнээс нь болж энгийн хүмүүс хохирч байгаад буруутгасан байна. 

 

"Та энэ өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн гэж өөрийгөө бодож болно, гэхдээ та одоо хүчтэй өрсөлдөгчтэй нүүр туллаа. Бид бол Anonymous. Бид легион. Бид очиж байна" хэмээн дүрс бичлэгт өгүүлжээ.

 

Anonymous бүлэг нь олон улсын идэвхтэн, хакерчдын сүлжээ юм. Анх 2003 онд нэр нь гарч эхэлсэн  энэ бүлэглэлийн оролцогчид болон дэмжигчид Гай Фоксын багаар танигдаж болох бөгөөд энэ баг Anonymous бүлэглэлийн бэлгэ тэмдгүүдийн нэг болсон юм. Түүнчлэн Гай Фоксын баг шахалт дарамт үзүүлдэг засгийн газартай тэмцэх тэмцлийг сануулдаг аж.

 

Анхлаад интернет хошигнол, меме хийх зэргээр зугаацах зорилгоор гарч байсан энэ бүлэглэл 2008 оноос эхлэн хамтарсан, олон улсын бүлэглэл болсон юм. Улмаар цахим орчин дахь оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдлүүдийн эсрэг эсэргүүцэл болон бусад арга хэмжээнүүдийг авч байлаа. Тэднийг зарим шинжээчид интернетийн эрх чөлөөний төлөөх тэмцэгч, "цахим Робин Гуд" хэмээдэг бол шүүмжлэгчид "засаг захиргаагүй цахим партизан", "цахим алан хядагчид" хэмээн нэрлэдэг юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ