Мексик: Санал хураах хэсэг рүү тастсан толгой шиджээ

img

Мексикт зургадугаар сарын зургааны өдөр парламентын доод танхим болон зарим мужийн орон нутгийн захиргааны байгууллагуудын сонгууль болох үеэр саналын хэсэгт тастсан толгой шидсэн хэрэг гарчээ. 

 

NBC-ийн мэдээлснээр, Мексикийн хил орчмын хот болох Тихуана хотын Террасас-дель-Валье дүүрэг дэх санал авах хэсэгт нэгэн эр тастсан толгой шидсэн байна. Гялгар уутанд хүний толгой, тастсан гар хийсэн байсныг санал авах хэсгийн байрны хажуунаас олсон талаар орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Уутыг хаясан эр зугтах гэж оролдсон ч саатуулсан байна. 

 

Энд дуулгахад, Мексикийн 2021 оны сонгуулийн кампанит ажлын үеэр аймшигт хэргүүд ихээр гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Etellekt аюулгүй байдлын зөвлөх компанийн гаргасан мэдээллээр, энэ онд 91 улс төрч бусдын гарт амиа алдсан бол 2017-2018 оны сонгуулийн мөчлөгтэй харьцуулахад халдлагын тоо 17,5 хувиар өсч, 910 хэрэг гарсан байна. 

 

Шинжээчдийн өгүүлснээр, сонгуулийн үеийн хүч хэрэглэсэн хэргүүд ихэвчлэн орон нутгийн түвшинд гардаг байна. Орон нутагт гэмт хэргийн бүлэглэлүүд хар тамхины хууль бус наймаа болон бусад гэмт хэргийн бизнесийнхээ хяналтыгн хадгалж үлдэхийн тулд улс төрчдөд дарамт үзүүлдэг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ