Техаст иргэдээс вакцинд хамрагдсан баталгаа шаардахыг хориглов

img

Дэлхийн улс орнууд коронавирусийн цар тахалтай тэмцэхээр дархлаажуулалтаа эрчимжүүлж, олон орон дархлаажуулалтад хамрагдсаныг гэрчлэх төрөл бүрийн лавлагаа, гэрчилгээ нэвтрүүлсээр байгаа юм. Ийм төрлийн гэрчилгээ, батлах баримт бичигтэй хүмүүст олон төрлийн үйлчилгээ нээлттэй байхаар зохицуулж байгаа бол зарим талаар иргэдээс вакцинд хамрагдсан бичиг шаардах нь хүний эрхэд халдсан хэрэг гэж үзэх газрууд ч байна.

 

Тухайлбал, АНУ-ын Техас мужид оршин суугчдаас коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан баталгаа шаардахыг бизнес болон төрийн байгууллагуудад хориглосон байна. Зохих хуульд тус мужийн захирагч Грэг Эбботт гарын үсэг зуржээ.

 

Грэг Эбботтын өгүүлснээр, Техасын оршин суугчид аливаа хязгаарлалт эсвэл шаардлагагүйгээр хүссэн газартаа чөлөөтэй зорчих ёстой гэнэ.

 

"Аливаа үйлчилгээ авах, бусад газрууд руу нэвтрэх" үед вакцинд хамрагдсан тухай мэдээллийг шалгаахыг Техасын нутаг дэвсгэр дээр хориглосон гэдгийг мужийн захирагч онцолжээ.

 

Өмнө нь энэ хуулийн төслийг мужийн хууль тогтоох хурлаар дэмжсэн бөгөөд энэ санаачилгыг Бүгд найрамдах намын төлөөлөгчид гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ