Японы Олимпын хорооны ерөнхий нягтлан бодогч амиа хорложээ
Японы Олимпын хорооны нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн тэргүүн амиа хорложээ. Тэрбээр 52 настай байсан гэж Японы Nippon TV мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 52 настай өндөр албан тушаалтан Ясуси Морияг ухаангүй байхад нь эмнэлэгт хүргэжээ. Эмч нар түүний амь насыг аврахаар тэмцсэн ч Морияг аварч чадаагүй байна. Эмнэлэгт хүргэснээс хоёр цагийн дараа тэрбээр нас барсан бөгөөд Токиогийн цагдаагийн газар энэ хэргийг "амиа хорлолт" гэж үзэж шалгаж байгаа аж. Амиа хорлосон нь мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх нь тодорхойгүй байна.
Энд дуулгахад, Токиогийн олимп 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын есний хооронд зохион байгуулагдах байсан юм. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдож, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын наймны өдөр зохион байгуулагдахаар болсон. Халдварын нөхцөл байдал намжихгүй байгаа тул олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гарсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ