Олимпын аварга, Энэтхэгийн тамирчин хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна

Олимпын аварга, Энэтхэгийн бөх Сушил Кумарыг тамирчны амийг хөнөөсөн, бүлэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. ВВС агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын дөрөвний үдэш Дели хот дахь Чхатрасал спортын цэнгэлдэх хүрээлэнд зодоон болж улмаар буудалцсан бөгөөд энэ хэргийн улмаас гурван хүн хохирсон байна.
Хэргийн газарт цагдаагийнхан ирэхэд 20 хүн оролцсон зодоон болсон байжээ. Улмаар энэ зодоон буудалцаан болон хувирч, гурван хүн шархадсаны нэг нь 23 настай тамирчин Сагар Дханкар байсан бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох зогсоолд байрлуулсан машинаас сумтай буу олдсон гэнэ. Энэтхэгийн цагдаагийнхны мэдээлснээр, сөргөлдөөн үүсгэгчдийн дунд Энэтхэгийн хамгийн алдартай тамирчдын нэг, тус улсын цорын ганц хошой Олимпын аварга, Энэтхэгийн цорын ганц дэлхийн аварга Сушил Кумбар байсан аж. Тэрбээр спортоос гадна Делигийн Засгийн газрын спортын газарт албан тушаал хашдаг юм байна.
Хууль сахиулагчдын мэдээлснээр, Кумар хэргийн газраас оргон зайлсан бөгөөд гурван долоо хоногийн дараа ажиглалтын камерын дүрс бичлэгийн тусламжтайгаар метроны өртөөний ойролцоогоос баривчлан саатуулсан гэнэ. Кумар ийнхүү оргон зайлсан тул түүний талаарх мэдээлэл өгсөн хүнд цагдаагийн газар 100 000 рупийгийн шагнал амлаж байв.
Одоо Кумарыг хүний амь хөнөөсөн, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Харин Кумар өөрийг нь ийнхүү буруутгасныг үгүйсгэж байгаа хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ