Хонконг: Дархлаажуулалтын ажлыг дэмжихээр сугалаа зарлав

img

Дэлхий дахин коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд хязгаарлалт, вакцинжуулалтын арга хэрэглэж, цар тахлыг давахаар хичээж байна. Анх аюулт вирус Хятадаас дэлхий даяар тархаж эхлэхэд энэ өвчнөөс сэргийлэх вакциныг дэлхий дахин мөч тоолон хүлээж байсан бол хэдийнэ вакцин бэлэн болж, улс орнууд худалдаж авсан ч иргэд нь төдийлөн идэвх гаргахгүйн улмаас дархлаажуулалтын хэмнэлийг түргэсгэх үүднээс төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 

 

Монгол, ОХУ, Хятад зэрэг орнууд вакцин тариулсан хүмүүст бэлэн мөнгө урамшуулал болгон өгсөн бол АНУ гэсэн олон орон вакцинд хамрагдсан хүмүүст зориулан өндөр хонжвортой сугалаа зарласан юм. Ийм орнуудын тоонд Хонконг нэгджээ. 

 

Тодруулбал, хүн амыг коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах идэвхийг нь сэргээх үүднээс 14 сая гаруй долларын хонжвор бүхий сугалааг Хонконгт зарласан талаар  The South China Morning Post мэдээлжээ. Энэ сугалаанд вакциндаа бүрэн хамрагдсан иргэд оролцон, орон сууц, Тесла автомашин, Ролекс цаг болон алтан гулдмай хожиж болох гэнэ. Асар өндөр хонжвортой сугалааны ивээн тэтгэгч болон санаачилагчид нь Хонконгийн томоохон бизнесийн төлөөлөгчид гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Түүнчлэн сугалаанд iPhone, үнэгүй тийз, хөлөг онгоцны аяллын тасалбар, зочид буудалд амрах эрх, төрөл бүрийн хямдралын тасалбарууд ч багтжээ. Хонконгийн Засгийн газар хүн амын дунд, тэр дундаа залуусын дунд дархлаажуулалтад хамрагдах идэвх сул байгаад ихэд санаа зовниж байгаа юм. Хоёрдугаар сарын сүүл үеэр энэ хотод дархлаажуулалт эхэлсэн бөгөөд 7,5 сая хүн амтай Хонконгт ердөө 2,7 сая тун вакцин л тарьжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ