Ангийн үс худалдахыг хориглосон анхны улс нь Израиль боллоо

img

Израилийн эрх баригчид ангийн үс худалдахыг хоригложээ. Энэ салбар дэлхий даяар олон сая амьтныг хөнөөдөг гэж тус улсын Экологийн сайд Гила Гамлиэль ангийн үс худалдахыг хориглосон тушаалд гарын үсэг зурах үеэрээ мэдэгджээ. 

 

"Ангийн үсний худалдааны салбар дэлхий даяар олон сая амьтны үхлийн шалтгаан болж, зүйрлэшгүй хэрцгийгээр амьтдыг тамладаг" хэмээн Израилийн Экологийн сайд мэдэгдсэн байна. Шинэ хориг зургаан сарын дараа буюу 12 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчлэх аж.

 

Өмнө нь амьтныг хамгаалах энэ төрлийн шийдвэр гаргах оролдлого удаа дараа хийж байсан ч Израилийн улс төрийн хүчнүүд шашны асуудлаас болж эсэргүүцэж байсан юм. Израильд Байгаль, цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах газар ангийн үсний импорт, экспортын зөвшөөрлийг олгодог юм байна. Экологийн сайдын баталсан хуулийн  нэмэлт өөрчлөлт нь энэ эрхийг хязгаарлах хэдий ч олон талаар "бэлгэдлийн шинж чанартай" гэж "Times of Israel" онцолжээ.

Учир нь ангийн үсийг шашин, шинжлэх ухаан, боловсролын зорилгоор ашиглах бол дээрх байгууллага зөвшөөрөл өгсөн хэвээр байх аж. Дулаан уур амьсгалтай Израильд Шаббат болон баярын өдрүүдээр булг, үнэгний сүүлтэй малгай өмсдөг еврейчүүд л ангийн үс ихэвчлэн худалдаж авдаг байна. 

 

Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллага Израилийн гаргасан энэхүү шийдвэрийг "түүхэн шийдвэр" хэмээн нэрлээд, орон нутгийн идэвхтнүүд үүний төлөө олон жил тэмцсэн гэж онцолжээ.

 

Амьтдыг “гоёл”-д ашиглахыг хориглосон орнууд 

Амьтны амиар бизнес хийхийг хориглох шийдвэрүүдийг дэлхийн улс орнууд ээлж дараалан гаргасаар байна. Израиль ийнхүү ангийн үс худалдахыг хориглосон бол өмнө нь 2019 онд АНУ-ын Калифорни муж үслэг эдлэл худалдах, үйлдвэрлэхийг хориглож байлаа. Түүнчлэн Michael Kors, Jimmy Choo, Burberry, Gucci, Versace  зэрэг хувцас үйлдвэрлэлийн томоохон үйлдвэрлэгчид ангийн үснээс татгалзсан юм.

 

Хэдий худалдаанд хориг тавиагүй ч арьс үсийг нь зарж борлуулах зорилгоор амьтад үржүүлэхийг хориглосон олон улс орон бий. Эдгээрийн анхдагчид нь Их Британи /2000/ болон Австри /2004 он/ юм.  


Үүний араас, 2012 оны 12 дугаар сард, Европын холбоон дахь булганы үс үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог Нидерланд улс амьтны үс, арьсыг ашиглах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглосон бөгөөд 2024 он хүртэлх хугацаанд булганы үс үйлдвэрийг бүрэн зогсоохоор болжээ. Нидерланд улс үслэг эдлэлээрээ алдартай, эдийн засгийн хувьд энэ салбар ихээхэн ашиг авчирдаг хэдий ч ёсзүйн үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. 1990-ээд оны дундуур Нидерландад үнэг болон шиншилла үржүүлэхийг хориглосон бол 2009 онд булга үржүүлгийг хориглох талаар хэлэлцэж эхлэжээ. 


Хорватад 2007 оноос эхлэн арьс, үс ашиглах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглосон бол Словени улс 2013 онд энэ төрлийн шийдвэр гаргаж байв. 


Амьтны үс үйлдвэрлэлийг хориглосон бусад орнуудын тоонд Босни ба Герцеговин, Серби, Македони, Чех, Дани зэрэг улсууд багтдаг. 


Герман улс ч мөн энэ хоригийг амьдралд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ улсад үлдсэн зургаан үйлдвэрийг хаах шийдвэрийг 2017 онд Загсийн газар нь гаргаж байв. Шинэ хуулиар булга үржүүлж, арилжааны зорилгоор ашиглахыг хориглосон бөгөөд таван жилийн дараа гэхэд амьтны үс үйлдвэрлэдэг газрууд бүгд хаагдах аж. 


Норвеги улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батласан хөтөлбөрт 2025 он гэхэд амьтны үс үйлдвэрлэдэг, нэг сая гаруй булга, үнэг үржүүлдэг 300 фермийг хаах шийдвэр гаргажээ. 


Хүнийг дулаацуулах хувцас бүтээх гэж амьтдыг хэрхэн хөнөөдөг вэ? 

 

Булган шубаны жинхэнэ үнэ цэнийг харуулсан, бяцхан амьтдыг аймшигтайгаар хөнөөж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархсан байдаг. Ер нь нэг шуба хичнээн амьтны амины үнэтэй вэ? 


Нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээллүүдээс харахад нэг шуба хийхэд 100-500 хэрэм, 100-200 шиншилла, 40-90 булга, 5 чоно гээд асар их амьтны амь бүсгүйчүүдийн гоёлын төлөө золигддог байх нь. 


Хөнөөсөн амьтны тоо ч нэг их чухал биш байлаа гэж бодоход тэднийг хөнөөх арга нь бас л аймшигтай. Үнэтэй арьснуудын нэг болох каракулыг дөнгөж төрсөн хурганаас авдаг бөгөөд хээлтэй  эм хонины гэдсийг ярж, хээлийг нь гарган авах ч түгээмэл арга гэнэ. 


Тансаг үслэг эдлэл хийхийн тулд амьтдыг хөнөөх арга маш олон. Тэднийг цахилгаан гүйдлээр цохиулж, хүзүүг нь хугалж, тархийг нь хагалж, эсвэл саваагаар зодож хөнөөдөг гэж АНУ-ын амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс гаргасан мэдээлэлд онцолжээ. Тухайлбал, үнэгийг хөнөөхийн тулд цахилгаан гүйдлээр цохиулж, бүх биеэр нь гүйдэл дамжуулж хөнөөдөг бол зүрхийг нь зогсоодог тариа хийх нь ч элбэг гэнэ. Амьтан үхэхээсээ өмнө 20 минут тарчилдаг аж. 

 

Г.Бямбасүрэн 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Hyyhnyyd ch bas shubnees tatgalzaa.nad lav taalagddaggyi.ihevchlen nastai egch nar l umsuud bh shig.ter ni ch ontsgyi,nyser haragddag.baigal delhii,amitadaa hairlayaa !!!
2021-06-13
Маш сайн байна. Одоо дэлхийн улс орнууд модны худалдааг хуулиар хориглох хэрэгтэй
2021-06-11