УИХ: У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар УИХ-д танилцуулж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг СЕХ шударга зохион байгуулсанд баяр хүргэе. Цаашдаа улс төрийн тогтолцоо, сонгуулийн хуульд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Бид тогтолцоо тал дээрээ анхаарах шаардлагатай. Монгол Улсын хувьд дөрвөн жилийн циклиэр харахаар УИХ, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль байна. Нэг аймаг дээр 1500 нэр дэвшигч гарч ирдэг.
СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран:
-Цахим сонгуулийн эрхийг сонгогчдод олгох хэрэгтэй. Ялангуяа гадаадад байгаа иргэдийг цахим сонгуулиар санал өгдөг болгох хэрэгтэй. Сонгуулийн тоог цөөлөх дээр Үндсэн хуулийн зарчмаа барих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Сонгууль зөв зүйтэй явахад иргэний эрхийг, сонгуулиа өгөх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Автоматжуулалттай холбоотой асуудлаар иргэн хаана яваа газраа сонгууль өгөх зохицуулалт хэрэгтэй.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
Сонгууль зөрчил маргаан багатай, ирц ихтэй байх нь хууль тогтоомжоор зохицуулах хэрэгтэй. БИд бэлтгэл ажлыг нямбай зохион байгуулах нь чухал юм байна. Энэ нь сонгуулийн зохион байгуулалтад чухал нөлөөтэй. Сонгогчдын бүртгэлийн асуудлыг онлайн болговол байгаа газраасаа саналаа өгөх боломжтой гэсэн дүгнэлт хийж байгаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Сонгуулийг СЕХ сайн зохион байгуулсан гэж бодож байна. Монголын төр цаашдаа сонгогчдыг саналаа өгөх эрхийг хангахад анхаарах хэрэгтэй. Сонгуулийн төв байгууллагын хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.
СЕХ-ны Хууль эрхзүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ:
-Энэ удаагийн сонгуулийн хуулиар гомдол маргааныг хэн шийдэх талаар тодорхой зааж өгсөн. Энэ удаагийн сонгуулиар СЕХ-нд 600 гаруй гомдол, цагдаагийн байгууллагад 45 гомдол ирсэн. Зөрчил мэдээллийг шалган шийдвэрлэж дууссаны дараагаар эргэн мэдээлэл өгч болно.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Нэр дэвшигчдийг янз бүрээр доромжилсон зүйл байхгүй байгаа нь сайшаалтай. Гэхдээ хариуцлагагүй үйлдэл их хийлээ. Нэр дэвшигчдээ хамгаалж чадсангүй. 14 хоногт нэр дэвшигчийг сурталчилгаагаа явуулах боломжоор хангаж чадсангүй. Нөгөө хүмүүс нь сурталчилгаа хийж яваад халдвар авлаа. Яагаад халдвар авахуулав, хэн хариуцлага хүлээх вэ? Мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр явуулж чадсангүй.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран
-Нэр дэвшигчийг хуулийн дагуу төрийн хамгаалалтад авсан. Гэхдээ нэр дэвшигч маань халдвар авсан ч нэр дэвшигчийн багийнхан цаашид сурталчилгааг нь сайн хийсэнд талархаж байна. Харин нэр дэвшигч халдвар авсанд хүлээх хариуцлага хуулинд байхгүй байна. Цаашид энэ талаар анхааръя.
Сонгуулийн мэтгэлцээнийг зохион байгуулах хуулийн үүрэг СЕХ-нд байхгүй. Энэ бол нэр дэвшүүлж байгаа намуудаас шалтгаална.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар хууль батлах санал хураалт явуулав. У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хууль баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж амжилт хүсье гэв. Харин чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх байлцсангүй.
Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:40 цагт товложээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавих гишүүн байсангүй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай УИХ-ын тогтоолыг гишүүдийн олонхийн саналаар батлав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ