Пинк Флойд: Цукерберг, чөтгөр рүүгээ тонил!

Пинк Флойд хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Рожер Уотерс Another Brick in the Wall дууных нь хоёрдугаар хэсгийн эрх авах хүсэлт тавьсан, Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукербергт хатуухан хариу өгчээ. Цукерберг Пинк Флойд хамлагийн дууг өндөр үнээр худалдан авч, компанийнхаа кинонд ашиглах санал тавьсан талаар РИА Новости мэдээлсэн байна.
Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг дэмжих форум дээр Уотер үг хэлэхдээ Цукербергийн илгээсэн захидлыг уншжээ. Энэ захидалд Инстаграмыг сурталчлах зорилгоор бүтээхэд хамлагийн дууг ашиглах хүсэлт тавьсан байна.
"Марк Цукербергийн надад хандсан албан ёсны илгээлт. Асар их, үнэхээр их мөнгө санал болгожээ. Миний хариулт ийм байна. Чөтгөр рүүгээ тонил! Яасан ч үгүй!" хэмээн Уотерс мэдэгджээ.
Цукербергийн санал болгосон "дэмий юманд" яагаад ч оролцохгүй гэж тэрбээр мэдэгдсэний дээр Цукерберг "Жулиан Ассанжийн тухай энэ түүхийг олонд нээлттэй болгохгүйн тулд энэ өрөөнд бидэнд хяналт тавихын тулд" дууг нь ашиглах гэж байна хэмээн онцолжээ. Түүнчлэн Цукербергийг "өчүүхэн өөдгүй амьтан", "дэлхий дээрх хамгийн эрх мэдэлтэй тэнэгүүдийн нэг" хэмээн нэрлэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ