Коронавирусийн энэтхэг штамм буюу Дельта хувилбар илүүтэй халдварлах чадвартай, хоёр тунт вакцины нэг л тунг хийлгэсэн хүмүүст ихээхэн аюултай хэдий ч коронавирусээс сэргийлэх вакцин нь өвчний хүндрэл болон нас баралтаас хамгаалах үр дүн нь 90 хувь буюу нэн өндөр гэнэ.
Ийм дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс зургадугаар сарын дөрөвний хооронд Англид халдвар тархалтын статистикийг судалсан Public Health England албаны судалгаанд гаргасныг ВВС агентлаг дамжуулжээ.
Дөрөвдүгээр сарын 12-ноос зургадугаар сарын дөрөвний хоорондох хоёр сар орчмын хугацаанд 14 мянга гаруй хүнээс коронавирусийн Дельта хувилбар илэрсэн бөгөөд эдгээр хүмүүсийн дунд вакцин тариулсан хүмүүс байжээ. Дельта хувилбарын халдвар авсан хүмүүсээс ердөө 166 нь эмнэлэгт хандах шаардлагатай болсон гэнэ. Ийнхүү эмнэлгийн тусламж шаардлагатай болсон хүмүүсийн дийлэнх олонх нь вакцин тариулаагүй байжээ.
Тооцооллоос харахад, Пфайзер вакцины ганцхан тунг хийлгэсэн байлаа ч коронавирусийн халдварын хүндрэлээр эмнэлэгт хэвтэх эрсдлийг 94 хувь бууруулдаг бол АстраЗенека вакцины энэ үр дүн 71 хувьтай байгаа аж. Эдгээр вакцинуудын хоёр дахь тунг хийлгэсний дараа өвчин хүндрэх магадлалыг 96, 92 хувиар бууруулдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |