Эмч нар гудамжинд гарахад ойрхон байна

img

Дани улсын эмнэлгийн ажилтнууд ажил хаясан тухай бид мэдээлж байв. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин бага, цар тахал дэгдсэнээс болж ачаалал эрс нэмэгдсэн ч асуудлыг шийдэхгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг зохион байгуулсан гэнэ.

 

Манай улсад ч ийм асуудал үүсэхэд ойрхон байна. Эрүүл мэндийн салбарынхан ч ажлаа хаяахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа zindaa.mn сайтад өгсөн тодруулгадаа "Өнөөдөр салбарын ажилчид маань ажлаа хаяад, жагсахад бэлэн байна. Олон Улсын эрүүл мэндийн ажилчид манайхаас 8-10 дахин өндөр цалин авдаг. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар цар тахлын үед үндсэн цалинг 3 дахин нэмэгдүүлж олгох хуулийн заалттай ч хэрэгжүүлж ажиллахгүй байна. Сонгууль, шагнал, номын баяр гээд халдварыг өргөн хүрээнд тарааж байхад салбарын сайд нь ямар ч арга хэмжээ авахгүй байна. Монгол хүний амь нас өдөрт арав арваараа үгүйрч байхад наадам хийнэ гээд сууж байна" хэмээн ярьжээ. Нэг л өдөр эрүүл мэндийн салбарынхан эмнэлэгтээ бус гудамжинд зогсож байна гэсэн үг. Харин ард нь эмнэлгийн орон дээр хичнээн хүн үхэл, амьдралтай тэмцэлдэн, амьдралын хугацаа хором мөчөөр тоологдохыг таах боломжгүй. 

 

Тэгвэл ийм байдалд хүрэхгүйн тулд бид яах вэ. Уг нь хариулт их энгийн, эрүүл мэндийн салбартаа, галын шугаманд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтдадаа тэргүүн зэргийн анхаарал хандуулах. Тэдний цалин хангамжийг хангалттай нэмчихээд, хариуцлага нэхэж байх. Гэтэл манай Засгийн газар наадамлах тухай ярьж байна. Өнгөрсөн жилийнх шиг цахим наадам зохион байгуулж, хэмнэсэн төсвөө эрүүл мэндийн салбарт зарцуулах гэнэ. Хэдийг хэмнэх нь гол асуудал. Хэмнэсэн гэж дусааж байхын оронд 10 тэрбумаа бүхэлд нь эрүүл мэндийн салбарт зарцуулахсан.

 

Нэгэнт л цахим наадмаас хойно өнгөрсөн жилүүдийн баяр наадмын эвлүүлгийг үзүүлсэн ч гомдох юм алга. Үнэндээ яг одоогийн нөхцөл баярлаж наадах бус эрүүл, амьд мэнд үлдэхийг л хэн хүнгүй хүсч байна. Мэдээж эрүүл байх нь иргэн хүний асуудал ч халдвар авахгүй гэсэн баталгаа үгүй, Монгол Улс бүхэлдээ улаан бүс болсон. Хаашаа ч зугтах  боломжгүй. Тиймээс амьд үлдээдэг эрүүл мэндийн салбараа илүү бат бөх болгомоор байна. Ядаж л хоёр өвчтний хооронд амьсгалын аппарат зөөж гүйлгэмээргүй байна. 

 

Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсныг Улсын онцгой комисс мэдэгдэж, сургууль, цэцэрлэгийн эмч, анагаахын сургуулийн төгсөх курсын оюутнуудыг дайчлахаар болсноо мэдэгдсэн. Улаан бүсэд ажиллаж буй эмч нар өөрсдөө халдвар авсан учраас тэдний ажил эзгүйдсэн. Үүнийг төр засгийнхан өөрсдөө мэдэж, харж байгаа ч хүнийг хүнээр нөхөж аргацаахаас өөрийг хийдэггүй. Өвдсөн эмчийн ард ажлаас нь гадна гэр бүл бий. Тэд нь ч эрсдэлд орж буй. Эрүүл мэнд, амь насыг нь хамгаалдаггүй юм гэхэд ядаж нийгмийн асуудлыг нь шийдээд өгчихвөл ажиллах урам авна шүү дээ. Эмнэлгийн ажилчид, эмч нар хангалттай туйлдаж буй. Тэд хоёр жилийн хугацаанд халдвартай тэмцэж, өвдөж зовсон хэдэн мянган хүний эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэлдэж байгааг шийдвэр гаргагчид төдийгүй энгийн иргэн ч харж буй шүү дээ.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗГ ажлаа хийгээчээ. Оюун-Эрдэнэ, Амарсайхан ажлаа хийгээчээ!
2021-06-18
Одо үел эмч нар шиг бөяжиж бга хүмүүс өлга ббусад нь өжилгүй
2021-06-17