М.Оюунчимэг: Н.Уртнасан сайд аа, ажлаа мэдэж ярь

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Өнөөдөр нэг яамны ажил зогсонги болоод байна. Орчны бохирдлыг бууруулах асуудлаар н.Ганзориг нарын багийн үед өмнө нь бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Одоо Орчны бохирдлыг бууруулах газрын дарга А.Алтанзул гэдэг хүн ажлаа хийхгүй байна. Цар тахлын энэ амаргүй үед нүхэн жорлон, орчны бохирдлыг бууруулмаар байна. Газрын сунгалтын асуудлыг сайд өөр дээрээ авчихаар сунгалтаа хийлгэж чадахгүй байна гэсэн гомдол ирж байна. Тогтвортой аялал жуулчлалыг үргэлжлүүлнэ гэсэн ганцхан зүйл төлөвлөгөөнд тусгажээ. Гадаадаас жуулчин авах боломжгүй хүнд энэ үед дотоодын жуучлалаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж, танилцуулж байх ёстой. Танд төлөвлөгөө байна уу? Эрсдэлгүйгээр хөгжүүлэх ямар боломж байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан:
-2018 онд хийсэн судалгаагаар гэр хорооллын 88 хувь нь хөрсний бохирдолтой гэсэн судалгаа гарсан. 2020 онд 2000 эко жорлон хийхээр он дамжин хийгдэж байгаа. Энэ жил 4200 эко жорлонг Туул голын бүсэд амьдардаг 4200 өрхөд хийхээр 7.8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа. Би БОАЖ-ын сайдын албыг аваад 2 тэрбумаас дээш санхүүжилттэй ажлыг Худалдан авах газарт шилжүүлж байгаа. Газрын сунгалтын ажил хийгдэхгүй байгаа биш. Орхоны хөндий, Хөвсгөлд цахим шилжилттэй холбоотой түр тушаалаар хориглосон.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Уртнасан сайд аа, ажлаа мэдэж ярь. 7.8 тэрбум төгрөгөөр эко жорлон барина гэж байна. Чингэлтэй дүүрэгт хийгдэж байсан эко жорлонгийн асуудал яагаад Туул голын бүсэд хийхээр болов. Зөвхөн Туул голын бүсэд хийгдэх юм уу. Ажлуудаа хурдлах хэрэгтэй байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан:
-Туул голын сав дагуух айлуудыг эхэлж эко жорлонтой болгох шийдлийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо шийдсэн. Энэ жил 4200 өрхөд эко жорлон барина. Чингэлтэй дүүрэгт эко жорлон барих ажил ямар явцтай талаар бичгээр танд хэлье.
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр 40 гаруй норм, стандартыг өөрчилсөн. 2021 онд төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Отголох цэгүүдийг өнгөрсөн жил бид хамгийн түлхүү очдог 27 газарт барьсан. Аялал жуулчлалын цогцолбор барихаар ЗТХЯ-тай хамтарч, байршлыг тогтоосон байгаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ