ШУУД: Аймгуудын наадмыг цуцалсанд ард түмэн бухимдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр:
-1921 оны Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой тохиож байна. гурван заалт бүхий тогтоолын төсөл. 150 мянга орчим 100 жилийн ойн медаль хийх төлөвлөгөөтэй байгаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт тэмдэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Ардын хувьсгалын 100 жилийн медалийг гаргах тухай төслийг дэмжих нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ 100 жил бол Монголын түүх, тусгаар тогтнолын илэрхийлэл. Нөгөө талаар шагнал, одон медалийн асуудлыг дараагийн Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарах хэрэгтэй. Өнөөдөр шагналын системийн гажуудал бий болсон. Парламентын 30 жилийн ойн медалийг гаргахад асуудал дэгдэж байсан.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гаргах тогтоолыг дэмжиж байна. 150 мянга хүндэт тэмдэг гаргах нь бага тоо биш үү. Улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан ахмадуудын гавьяаг үнэлэх хэрэгтэй.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Ардын хувьсгалын 90 жилийн ой медалийг 100 мянган ширхгийг хэвлэсэн байдаг. Үүнээс хойш өнгөрсөн хугацаанд хүн амын өссөн. Тиймээс энэ удаа Ардын хувьсгалийн 100 жилийн ойн хүндэтгэлийн медалийг 150 мянгыг хэвлэх тооцоо гаргасан. Хэвлэх санхүүжилтийг 2021 оны төсөвт тусгасан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг гаргах тогтоолыг дэмжиж байна. Гэхдээ өнөөдөр цар тахлын улмаас зөвхөн нийслэлд цахим байдлаар хийж, хөдөө орон нутагт наадам хийхгүй гэдгийг ард түмэн бухимдаж байна. Үндэсний баяр наадмыг цуцлах нь УИХ шийдэх асуудал.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Ковид бүхнийг захирч байна. УОК халдвар өдөрт 2000 даваад гарахаар санал оруулж, Засгийн газар шийдвэрлэсэн. Цар тахлын үеийн хуулиар Засгийн газар Үндсэн хууль зэрэг дөрвөн хууль хөндөхгүй, бусад асуудалд шийдвэр гаргаж болно. Халдварыг бууруулах нэг арга нь хорио цээрийн дэглэм болоод байна.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ