“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дахин зохион байгуулъя

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2 мянга давж, нас баралт 10-аас буурахгүй байгаа. Тодруулбал, өчигдөр 2642 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 85 770 боллоо. Харамсалтай нь халдварын улмаас 37-95 насны 11 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 400 болж байна. Цаашид ч нэмэгдэж, өдөрт 4000 тохиолдол илрэх магадлалтайг эрүүл мэндийн байгууллагаас сануулж буй.
Хэдийгээр Засгийн газраас “Ковидгүй зуны төлөө” уриалга гаргаж дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж, вакцинжуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа ч халдварын тохиолдол нэмэгдсээр л байна. Эрдэмтэд болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэсэн тооцоолсон ч бодит нөхцөл байдал судалгаа хоёр зөрж байна.
Халдварын тохиолдол буурахгүй байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Халдвар сүүлийн өдрүүдэд тогтмол өсөж байна. Насны бүлгээр нь авч үзвэл 25-44 насныхан түлхүү өвдөж байгаа. Мөн бага насны хүүхдүүд анхаарал татаж байна. Халдварт өртсөн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байх боломжтой. Насанд хүрсэн хүмүүс вакцинжуулалтад хамрагдаад тодорхой хэмжээгээр халдвараас сэргийлэгдэж байгаа. Гэтэл 0-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд вакцинжуулалтад хамрагдаагүй учир халдвараар өвчлөх, хүндрэх тохиолдлууд цөөнгүй гарч байна. Үүнээс харахад нийгмийн үйл ажиллагаанд түлхүү оролцдог залуучууд халдварт ихээр өвчилж байна.
Тиймээс гэр бүлийн орчинд хүүхдүүддээ халдвар тарааж байх эрсдэлтэй. Нөгөө талаас хүүхдүүд маань гэсэн эцэг эхдээ ч гэсэн халдвар тараах магадлалтай. Харин ахмад настангууд халдварт өртөх нь бага байна. Бид хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт амьдарч байгаа ч нийцсэн дүрэм журмыг барихгүй байна. Нас баралтын тоо буурахгүй байна. Өчигдөр 11 хүн нас барсан. Харамсалтай нь 9 хүн нь вакцинд хамрагдаагүй байсан. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй байна” гэв.
Орон нутагт халдварын тохиолдол эрчимжиж, шинэ голомтууд үүсэж байна. Өчигдрийн байдлаар 19 аймгийн 125 суманд иргэдийн хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Зуны дунд сар аль хэдийнэ гарч, ковидгүй зун мөрөөдөл боллоо. Харин бид одооноос “ковидгүй намар”-таа бэлдэж наадмаа хойшлуулж, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй. Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ үндэсний их баяр наадамд 10 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тэгвэл наадамд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөө эрүүл мэндийн салбартаа зориулж "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг дахин зохион байгуулъя. Ингэж намартаа эртхэн бэлдэхгүй бол ковидгүй намар ч мөрөөдөл болж мэдэхээр байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ