"Хордсон" Хонгорынхон тайван амьдрахыг хүслээ
Ерөнхийлөгчийн үг Хонгор сумынхныг хуралдахад хүргэжээ. Ерөнхийлөгч хонгор суманд химийн хорны улмаас хүн нас бараад байгаа тухай мэдээлэл ирлээ гэж уулга алдчихсан. Үүний улмаас тус суманд амьдрах иргэд олдохоо байж, шилжилт нэмэгдэж эзэнгүй сум л үлдлээ гэсэн агуулгатай. Харин сумын иргэд өнөөдрийг хүртэл хордлоготой яваа эсэх талаараа олон нийтэд мэдээлэл өгөхөөр уулзалт зохион байгуулсанаар энэ мэдээлэл нь ташаа болоод байна. ДЭМБ, НҮБ-ын мэргэшсэн судлаачид Хонгор суманд тун сайн нууцлал, нарийвчлалаар шинжилгээ явуулсан байдаг. Шинжилгээний хариу цианит натри хэмээх бодисууд нь хүний биед хор нөлөөл үзүүлэх хэмжээнд хүрээгүй. Нэг үгээр хэлбэл аюулгүй гэж гарчээ. Тэрчлэн Ерөнхийлөгчийн ярьсан шиг үнэхээр иргэд амиа алдаад байна уу гэдэг дээр сумын Засаг дарга нь баримт нотолгоотой няцаасан мэдээлэл хийж байгаа юм. Хонгор сумын шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлт хэвийн хасагдах бус нэмэгдэж байгаа гэлээ. 2006 онд тус сум 5404, 2010 онд 5796, харин 2011 онд 5856 хүн амтай болох нь бүртгэлээр гарчээ. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд хүн ам нь тун тогтвортой байсныг илтгэж байна. Нас баралтын хувьд 2006 онд 35, 2007 онд 36, 2008 онд 42, 2009 онд 39, 2010 онд 41, 2011 онд 45 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэгэхээр сард 2-3 хүн хавдраар нас бардаг гэдэг мэдээлэл ташаа гэж сумын засаг дарга онцолж байна. 2011 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд 141 хүн хорт хавдраар нас барснаас 7 нь Хонгор сумын иргэн байгаа нь 4,9 хувь болж байгаа юм. Энэ бол бага гэсэн. Хорт хавдрын өвчлөлтөөр болоод нас баралтаараа Хонгор сум зэргэлдээх хоёр сумаасаа бага байгаа гэсэн. Сумын удирдлагын хувьд хонгор сумын химийн хор тайлагдсан гэдгийг баттай хэлж чадна гэж иргэдийн уулзалтын үеэр хэлсэн юм. Харин иргэдийн зүгээс Хордоогүй Хонгор сумыг хордлого тайлагдаагүй хэмээснээс болж нутгийн иргэд амьдрах боломжгүй болоход хүрчээ. 2007 болон 2008 онд дэгдсэн шуугианаас болж газар тариалан эрхлэн аж төрдөг Хонгорчуудыг ногоог худалдаж авах хүн олдохоо байсан. Сонгууль дуусаж, мартагдаж дахин ард түмний амьдрал цэгцэрч байтал, "Хордсон Хонгор" гэж дахин шуугих болсон нь тус сумын иргэдэд тун хүнд тусаж байна. Тэд нэмэр болохгүй бол нэрмээс болохгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Худал үгийг мянган удаа хэлбэл үнэн болдог гэдгээр Хоргүй, хордлогогүй Хонгор сумыг хордсон гэсээр байгаад үнэн мэт яригддаг болжээ. Энэ нь эцэс сүүлдээ ард иргэдийнх нь амьдрал шууд утгаар тусах болж. Гэхдээ сөргөөр. Дархан-Уул аймгийн газар нутгийн ихэнх хувийг эзлэн байх Хонгор сум мал аж ахуй, газар тариалангийн асар их нөөцтэй. Үүнийгээ дагаад ч хонгорчууд амьжиргаагаа залгуулдаг. Хураасан,өсгөсөн тариа будаа, мал сүргээ арилжаад амьдардаг гэсэн үг. Гэтэл мартагдах шахсан "Хордсон Хонгор" гэдэг үг эргэн сэргэх болсноор, төвд ирээд мах ногоогоо зарах гэхээр авах хүн олддоггүй. Хортой гээд цээрэлдэг учраас тэр юм. Зөвхөн амьжиргаанд нь нөлөөлөөд зогсохгүй. Хүн амын харилцаанд нь хүртэл ноцтой, эмзэглэмээр зүйл бий болсон байх юм. Нийслэлд суралцдаг Хонгор сумын оюутан сурагчид гэртээ ирэхдээ Дархан хотын төвд буугаад эргээд сум руугаа явдаг. Хонгор сумын иргэн гэдгээ нууж байгаа явдал нь гэсэн. Хэрэв мэдэгдвэл "Хордсон Хонгор"-ын гээд шоолуулах гадуурхагддаг учраас тэр юм. Хонгор сумаар дайран өнгөрсөн хүнтэй гар барихгүй гэдэг явган шог гарсан. Гэтэл явган шог мэт яригдаж байгаа ч илүү ноцтой асуудал бий болсон байгаа юм. Хонгор сум 2007 онд цианит натрид хордсон нь үнэн. Төр засаг ч уучлалт гуйж буруугаа хүлээсэн хөдлөшгүй үнэн. Тэр даруйдаа саармагжуулан хордлогыг тайлсан бас үнэн. Гэтэл 2008 онд дахин хордлогын асуудал, сөхөгдөөд намжсан. 2012 он гараад ч мөн дахин сөхөгдлөө. Тэгэхээр сонгуулийн жил ирэхээр сөхөгддөг байдал хэвшил болчихоод байгаа юм. Хэн нэгэн далд санаа агуулснаас болж нэг сумын иргэд амьдрах аргагүй болоод байгаагаа учирласан. Одоо хонгорчууд хордоогүй, хордлого нь тайлагдсан гэдгээ дахин батлахаар Эрүүл мэндийн яаманд хандахаар боллоо. Тэд төр засгаас бэлэн мөнгө, баян тансаг хүсэхгүй зөвхөн тайван амьдруулахыг аминчлан хүсч байгаагаа илэрхийлж байна. Хонгор сумын 5856 хүний 4, тавхан хүн л хордлого авсан, хордлого мэдрэгдсээр байна гэж ярьдаг гэдгийг нутгийн иргэд дуулгасан. Толгой нь эргэсэн, дотор нь муухайрсан хүн болгоныг цианит натригийн нөлөөлөл хэмээж, бусдын сэтгэлзүйг үймүүлдэг болоод удаж байна хэлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ