Еврокомисс АстраЗенека вакцин үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ
2021-06-21

Швед-Британийн АстраЗенека компани вакцины урьдчилсан захиалгын хэлэлцээрийг зөрчсөн тул Еврокомисс тус компанийг шүүхэд өгсөн талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийнх мэдээлснээр, Брюсселийн шүүх хэлэлцээрийн дагуу нийлүүлэх ёстой вакциныг нэн даруй хуваарийн дагуу нийлүүлэх, энэ үүргээ биелүүлэхгүй бол торгууль хүлээх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 10 дугаар сар хүртэл 50 сая тун вакцин нийлүүлэх эсвэл хагас тэрбум еврогийн торгууль төлнө гэсэн шийдвэрийг шүүх гаргажээ. 

 

Европын холбоо болон АстраЗенека вакцин үйлдвэрлэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу 12 дугаар сараас зургадугаар сарын хооронд Европын улс орнууд 300 сая тун вакцин авах байсан гэнэ.

 

Гэвч энэ хугацаанд төлөвлөсөн нийт вакцины ердөө гуравны нэгийг л нийлүүлж чадна гэж гуравдугаар сард компани мэдэгджээ. Энэ оны эхний улиралд АстраЗенека Европ руу 120 сая тун биш харин 30 сая тун вакцин нийлүүлсэн байна. 

 

Ингээд тус компанийг Европ дахь дархлаажуулалтын ажлын төлөвлөгөөг тасалдуулсан хэмээн буруутгажээ. Улмаар шүүхээс АстраЗенека компанийг есдүгээр сарын сүүл хүртэл нийтдээ 80 сая тун вакцин нийлүүлэхийг үүрэг болгосон байна. Харин АстраЗенека компани үйлдвэрлэлийн болон тээвэр зуучийн хүндрэлүүд гарсан ч компани ЕХ-той хийсэн гэрээгээ зөрчөөгүй хэмээн баталж байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин