ШУУД: Эрсдэл үргэлжлэн үүсээд байвал хатуу хөл хорио тогтоохоос аргагүй

Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж байна. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
-Вакцины дархлаа тогтоох, эрсдлийн судалгаа хийгдэж байгаа. Дотоодын судалгаан дээр үндэслэж гаргана. Халдвар тархалтын эрчимтэй өсч байгаа үед авах гол арга хэмжээ нь вакцин. Анх улсын хэмжээнд ковидийн халдвартай хүмүүсийг хүлээж авах 1000 ор бэлдсэн байсан бол сүүлийн тоогоор 13500 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Ор нэмэгдүүлж хүлээж авч болох ч өвчтөнийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнуудын орон тоо дутагдаж байгаа.
Дотооддоо дархлааг дэмжих биобэлдмэлийн үйлдвэрлэлийн газрыг ажиллуулж байна. НЭМТ-ийн био бэлдмэлийн төвийн үйл ажиллагааг сэргээж, халдварын эсрэг тунгийн үйлдвэрлэлийг долдугаар сарын дундаас гаргаж эхэлнэ. Халдварын тархалт хурдтай өсөх тусам хүч, нөөц бололцоо шавхагдана. Тийм учраас вакциныг эрчимжүүлэх шаардлагатай хэмээв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Халдварын тархалт зургадугаар сараас буурна гэсэн. Эрчимтэй тархалтын үед явж байна. Одоо долдугаар сард хүүхдүүдээ вакцинжуулвал сүргийн дархлаа тогтоно гэж байна. Гэтэл хүүхдүүдэд вакцин тариулах нь сөрөг талтай юу гэсэн эцэг эхчүүдийн болгоомжлол байна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу ковидийн эсрэг эмийг оруулмаар байна. "Арбидол"-ийг 43-45 хувиар нэмж зарсан нь тогтоогдсон. Халдварын тоо 3000 хүрвэл хатуу хөл хорио тогтооно гэж яриад байна. Өнөөдөр хоолны газрыг хаасан байгаа. Тиймээс хэсэгчлэн хөл хорих нь зөв болов уу гэж бодож байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-Амралт сувиллын газар гээд зөвхөн гэр бүлээрээ амар гэхээр найз нөхдөөрөө очиж байна. Тийм учраас долоо хоног хязгаарлалт тогтоосон. Ресторан, үйлчилгээний газрыг 50 хувь ажилла гэхээр 150 хувь ажиллаад байхаар нь хязгаарлалт хийсэн. Энэ байдал цааш үргэлжлээд байвал мянган сайхан ажил хийгээд нэмэргүй. Эрсдэл үүсээд байвал хатуу хөл хорио тогтоохоос аргагүй нөхцөлд орно.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ