Олон улсын тэтгэлэгт хамрагдсан төрийн албан хаагчдын цахим уулзалт болно

img

НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлөөс гадаад орны Засгийн газрын болон олон улсын байгууллагын тэтгэлгээр суралцаж төгссөн, суралцаж буй төрийн албан хаагчидтай маргааш /2021.06.23/ цахим уулзалт зохион байгуулна.

 

            Уулзалтад НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  Жалгас Адылбаев Жумаевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, АНУ, БНХАУ, ОХУ, БНТУ, Япон Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Саймон Фразер, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, БНСУ-ын КОЙКА-гийн суурин төлөөлөгчийн сургалт, тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан орлогч дарга Лий Жа Ён нар болон тэтгэлгээр суралцаж төгссөн, суралцаж байгаа төрийн албан хаагчид оролцох юм.

 

            Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөр, байгууллага хоорондын санамж бичиг, буцалтгүй тусламжийн хүрээнд 2016-2020 онд 1195 төрийн албан хаагч дэлхийн 30 гаруй оронд тэтгэлэгт сургалтад хамрагджээ.

 

Тэдний 38 хувь нь амжилттай суралцан эх орондоо ирж, ажил албаа үргэлжлүүлсэн бол 62 хувь нь дараагийн шатны эрдмийн зэрэг горилох сургалтад хамрагдаж байна.

 

            НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулахыг уриалсан байдаг.

 

            Төрийн албаны өдрийн гол зорилго нь төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэх, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршдог.

 

НҮБ-ын төрийн албаны өдрийг өнгөрсөн жил “COVID-19 цар тахал өвчний эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь” сэдвийн зохион байгуулсан юм.

Эх сурвалж: ТАЗ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ