Хойд Солонгост нэг ч халдвар илрээгүй

Хойд Солонгост 30 000 шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын тохиолдол нэг ч илрээгүй гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, зургадугаар сарын дөрөвнөөс 10-ны хооронд БНАСАУ-д 733 хүнийг шинжилгээнд хамруулснаас 149 нь ханиад, амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэгтэй байсан гэнэ. Харин эдгээр хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэн эсэх талаарх мэдээлэл гараагүй байна. Он гарсаар Хойд Солонгост долоо хоногт 700 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байгаа аж.
Энд дуулгахад, БНАСАУ Ковакс хөтөлбөрийн хүрээнд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин хүлээн авах ёстой ч нийлүүлэлт саатаж байгаа юм. Хойд Солонгосын эрх баригчид халдвар илрээгүй гэж цар тахал дэгдсэн цагаас хойш мэдэгдсээр байгаа бөгөөд үүнд нь олон улсын шинжээчид эргэлздэг. Тус улс цар тахал эхэлснээс хойш хилээ бүрэн хааж, хөрш орнуудтайгаа хийх худалдаагаа ч зогсоосон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ