ИРГЭД: Дахин хатуу хөл хорио тогтоохыг дэмжинэ, дэмжихгүй

Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол, нас баралт нэмэгдсээр байна. Иймд УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ. Уг саналыг УОК-н ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргаад байна. Тиймээс дахин хатуу хөл хорио тогтоох, үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх зэрэг асуудалд иргэд ямар саналтай байгааг сонслоо.
Чингэлтэй дүүргийн иргэн Н.Эрдэнэбат:
-Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх коронавирусийн тохиолдол нэмэгдэж байна. Хөл хөдөлгөөн их байна. Тиймээс дахин 14 хоногийн хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байгаа. Гэхдээ хатуу хөл хорио тогтоохдоо иргэддээ тусламж, хөнгөлөлт үзүүлж байж хөл хорио тогтоох нь зүйтэй. Харин цахим наадам хийхийг дэмжихгүй байна.
Хан-Уул дүүргийн иргэн Ж.Ган-Эрдэнэ:
-Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш олон удаа хатуу хөл хорио тогтоолоо. Үр дүнгүй байсан. Гэхдээ өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсээр л байна. Иргэдийн амьдрал хэцүү байна. Хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад явбал зүгээр байх. Хөл хорионоос илүү хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Цахим наадмыг дэмжиж байгаа.
Баянгол дүүргийн иргэн Г.Бат-Эрдэнэ:
-Дахин хөл хорио тогтоохыг дэмжиж байна. Өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо олон боллоо. Дэлхийн бусад улс оронд цар тахлыг зогсоох хамгийн чухал алхам нь хөл хорио гэж үзэж байна. Тиймээс манай улс хөл хорио тогтоох шаардлагатай гэж бодож байгаа. Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Энэ хэвээр үргэлжилбэл намар хичээл орохгүй бүр ч хэцүү болох байх. Хувираа бизнес эрхэлдэг хүмүүст хэцүү байгаа. Гэхдээ хүний аминаас үнэтэй зүй гэж байхгүй. Өнөөдөр орлогогүй байж болно. Гэхдээ амьд байвал учир нь олдоно шүү дээ. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг хурдан авч хэрэгжүүлмээр байна. Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэсэн нь зөв байх. Хойшлуулж хэрэггүй. Үндэсний өв соёл учраас хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлнө. Гадны улс оронд ч гэсэн томоохон тэмцээн уралдаан наадмуудыг халдвар хамгааллын дэглэм баримтлуулаад тэмдэглэж байна. Тиймээс манай улс ч гэсэн тэмдэглэх нь зүйтэй байх.
Баянзүрх дүүргийн иргэн Т.Золбаяр:
-Хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна. Эмч нарт маш их ачаалалтай байгаа. Тиймээс эмнэлгийн ачааллыг багасгах хэрэгтэй. Цар тахлаас үүдэн эдийн засаг маш их хямарч, эрүүл мэндээрээ ч хохирч байна. Тиймээс эрүүл мэндийн асуудлаа нэгдүгээрт, эдийн засгийн асуудлаа хоёрдугаарт тавьж ажилламаар байна. Хувийн эрх ашгийг хойш нь тавьж, нийтийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэхийг эсэргүүцэж байна. Энэ жилдээ өнжсөн нь зөв шийдвэр байх. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны олимп нэг жилээр хойшилсон. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө наадмаа хойшлуулмаар байна.
Сүхбаатар дүүргийн иргэн Г.Эрдэнэцэцэг:
-Хатуу хөл хорио тогтоох нь зөв гэж бодож байна. Халдварын тохиолдол, нас баралт нэмэгдэж байгаа. Харин цахим наадам тэмдэглэхийг дэмжихгүй. Баяр наадам тэмдэглэх мөнгөөрөө жирэмсэн эхчүүд, халдвар авсан иргэдээ эмчлэхдээ зарцуулмаар байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ариунаа:
-Иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Заавал төр засгийг харах бус өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг дэмжихгүй байна. Наадам тэмдэглэх мөнгөөрөө шаардлагатай тоног төхөөрөмж авах хэрэгтэй. Баяр наадам тэмдэглэж гадаадаас жуулчин авч ирнэ гэж байна лээ. Цар тахалтай үед манай улсад ирэхгүй шүү дээ.
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Ганчимэг:
-Хөл хорио тогтоохыг дэмжихгүй байна. Олон удаа хөл хорио тогтоолоо. Гэвч ямар үр дүнгүй. Иргэд бидний амьдрал хэцүү байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойг цахимаар тэмдэглэхийг дэмжихгүй. Наадмын төсвөө эмчилгээндээ ашиглавал иргэдэд хэрэгтэй байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ