Дэлхийн хамгийн үнэтэй манго жимсийг хамгаалахаар хамгаалагч хөлсөлжээ

Энэтхэгийн Бихар мужийн оршин суугч дэлхийн хамгийн үнэтэй манго жимсний нэг болох "миязаки" сортын манго жимсний модыг хамгаалахын тулд ажиглалтын камер суурилуулж, нутгийн иргэдийг хамгаалагчаар хөлсөлжээ.
"Энэ бол Японы Миязаки мужид ургадаг, "Таё но Тамого" буюу "Нарны өндөг" нэртэй дэлхийн хамгийн үнэтэй манго" хэмээн фермер Санкальп Сингх ярьжээ. Түүний өгүүлснээр энэ сортын манго онцгой үнэр, амттай гэнэ.
Фермерийн ярьснаар, тэрбээр хэдэн жилийн өмнө галт тэргэнд зорчиж явах үедээ нэгэн зорчигчоос 2500 рупий (shuud.mn: монгол мөнгөөр 88205 төгрөг) -ээр мангоны суулагц авчээ. Тухайн үед энэ суулгацыг зарсан эр энэ нь ховор сортынх, Энэтхэгт ургадаг мангонуудаас огт өөр хэмээн ярьсан гэнэ.
Худалдагч эр фермерийг хуурсангүй, хэдэн сарын дараа энэ суулгац бусад мангоны моддоос ялгаатай байгааг Санкальп болон түүний бизнесийн түнш нь анзаарчээ. Фермер энэ сортын нэрийг мэдэхгүй байсан тул ээжийнхээ нэрээр Дамини хэмээн нэрлэсэн тухайгаа телевизийнхэнд ярьжээ. Шинэ мангоны талаар бусад фермерүүд мэдсэнийхээ дараа нэг суулгацыг 21 000 рупий (shuud.mn: монгол мөнгөөр 740 мянган төгрөг)-ээр худалдаж авах саналыг гаргаж эхлэх үед л фермер үнэтэй сорт ургуулж байгаагаа мэдсэн гэнэ.
Түүний ургуулж буй манго нь Кюшю арлын өмнөд хэсэг дэх Миязаки мужид ургадаг, энэ мужийн нэрээр нэрлэгдсэн жимс бөгөөд Японы тусгай дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагддаг аж. Энэ мангог тусгай нөхцөлд ургуулж, арчилдаг бол Энэтхэгийн фермер ямар ч онцгой арчилгаа хийгээгүй, байгалийн нөхцөлд ургуулж байгаа тул Японы мангоноос хямд байх гэнэ.
Энэтхэгийн фермер энэ манго жимсээр асар их мөнгө олох хүсэлгүй, харин тосгоны оршин суугчид нь бүгд идэж үзээсэй гэж мөрөөддөг хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Гэвч түүний талаар орон нутгийн хэвлэлээр мэдээлсний дараа ферм рүү халдаж, гэмт хэрэгтнүүд мод хулгайлах болсон тул хамгаалагч ажиллуулахаар болсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ