ОХУ: Зөвлөлтийн хамгийн анхны холбоотон нь Монгол байсан

Оросын нийслэл Москва хотын "Эх оронч" цэцэрлэгт хүрээлэнд Аугаа их эх орны дайны үеийн Зөвлөлтийн ард түмний холбоотнуудын гудамжийг нээжээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцсон гэж Известия мэдээлсэн байна.
"Эхний хөшөөт цогцолборыг БНХАУ болон Монгол Улсын дайчдад зориулсан. Энэ хоёр орны цэргүүд фашизмыг дарах Аугаа ялалтыг ойртуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм" хэмээн Известия онцолжээ.
Цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан хөшөөг дээл өмсөн, хөсөг тэрэгтэй эрсээр дүрсэлжээ.
"Монгол бол Зөвлөлтийн анхны холбоотон. Тэд байгаа бүхнээрээ л тусалсан. Арьс шир, мах, адуу гээд хэмжээлшгүй их тус хүргэсэн. Зөвлөлтийн армийн морьдын ихэнх нь тэсвэр хатуужилтай Монгол хүлэг байсан юм" хэмээн хөшөөний загварыг гаргасан уран барималч сэтгүүлчдэд өгүүлжээ.
Энд жил бүр шинэ дурсгалын хөшөө нээхээр төлөвлөж байгаа бөгөөд тун удахгүй "Норманд-Неман" нисэх хорооны Францын нисэгчид, Америкийн цэргүүдэд зориулсан хөшөө босох аж.
Дурсгалын хөшөөг Аугаа их эх орны дайн эхэлсний 80 жилд зориулан нээсэн байна. Одоогоос 80 жилийн тэртээ 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр Аугаа их эх орны дайн эхэлсэн бөгөөд ОХУ, Украин, Беларус улсад жил бүр энэ өдрийг "Дурсгал, эмгэнэлийн өдөр" болгон тэмдэглэдэг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ